УИХ-ЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ
УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлж, салбарын реформуудыг хөшүүрэгдэх цогц асуудал, түүний шалгуур үзүүлэлт, шаардагдах санхүүжилтийн хэмжээг тусган баталлаа.
УИХ-ын намрын чуулганаар Засгийн газрын дэвшүүлсэн мега төслүүд зэрэг улс эх орны хөгжил дэвшил, нийгэм эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх гол шийдвэрүүдийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал улс орныхоо ирээдүйн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллалаа.