Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн П.Батчимэг ажиллана
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн П.Батчимэг багтаж буй. Тэгвэл тус Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болж, сонсголыг 2025 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Ингэхдээ “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулахаар тогтжээ.
Түүнчлэн энэ удаагийн сонсголыг илүү үр дүнтэй явуулах, иргэд, олон нийтийг өргөн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор утааны асуудлаар өнгөрсөн хугацаанд гарсан төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх хүрээнд дараах 4 дэд сэдвийн хүрээнд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар ярилцлаа. Үүнд:
1.Утаа ба эдийн засаг, хөрөнгө оруулалт;
2.Утаа ба эрүүл мэнд, хүний эрх;
3.Утаа ба технологийн шийдэл;
4.Утаа ба шийдэл
Ийнхүү маргаашийн байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм хэмээн УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэв.