Х.Тэмүүжин: Эрх мэдлийн төвлөрлийг задлах хүч Үндсэн хуулиас гарахгүй байна
2025.01.08

Х.Тэмүүжин: Эрх мэдлийн төвлөрлийг задлах хүч Үндсэн хуулиас гарахгүй байна

-Үндсэн хуулийн өдөрт-

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой 2024 онд тохиов. Түүхт ойг тохиолдуулан Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы улс төрийн сангуудаас “Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн товчоон” сэдэвт бага хурал, “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн тогтвортой байдал” сэдэвт хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин, Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрхзүйн хорооны тэргүүлэгч гишүүн, доктор, профессор В.Удвал, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Д.Үүрцайх, Үндсэн хуулийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Сэлэнгэ нар оролцож, байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэж байна.

-Улстөрчдийн явцуу эрх ашиг, богино зайны бодлогоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна гэх шүүмжилдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт орууллаа. Үндсэн хуульдаа арай л ойр ойрхон “гар хүрээд” байна уу?

-Х.Тэмүүжин, Үндсэн хуульд дархлаагаа хамгаалсан заалт байсан бол арай өөр байх байв. 1992 оны Үндсэн хуульд өөрийг нь хамгаалсан заалт байхгүй. Тиймээс академик байдлаар буюу судлаачид санаа бодлоо илэрхийлэх замаар хамгаалах гэж оролдож байна. Нөгөө талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд улс төрийн зүгээс энэ заалтуудыг хөндөхгүй байя, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа заасан бол өөр.

Би 1992 оны Үндсэн хуулийг шилжилтийн үеийн Үндсэн хууль гэж хардаг. Энэ Үндсэн хуульд шинжтэй чухал заалтууд байгаа боловч хэрэглээн дээрээ зарим талаар учир дутагдалтай, эсвэл өргөжүүлэх байдлаар утга санааг нь дэлгэрүүлж хөгжүүлэх нь зүйтэй. Хэрвээ тэгж хөгжиж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал зарим зүйл дээр үүсдэг.

Тэгэхээр Үндсэн хуульд ямар ойр ойрхон өөрчлөлт орж байна аа гэж харахаас илүү агуулга зарчмын хувьд юуг нь хамгаалах гэж орж байна гэдгийг ялгаж салгах харах ёстой юм. Нөгөө талаас Үндсэн хуулийн сүүлийн хоёр удаагийн нэмэлт, өөрчлөлт дээр санал тавиад дийлээгүй зүйл бол Үндсэн хуулийн дархлааны тухай асуудал. Үндсэн хуульд өөрөө өөрийгөө хамгаалсан дархлааны заалт оруулъя. Үүнд засаглалын хэлбэр, тусгаар тогтнол, эрх мэдлийн хуваарилалт, иргэний үндсэн эрхийн дархлаанууд гэх мэт таван зүйл заалт оруулъя.


Х.Тэмүүжин: "Үндсэн хуульд ямар ойр ойрхон өөрчлөлт оруулж байна аа" гэхээс илүү агуулга зарчмын хувьд юуг нь хамгаалах гэж өөрчлөлт оруулж байна гэдгийг ялгаж салгах харах ёстой юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан ч энэ тавыг хөндөхгүй байх заалт оруулъя гээд төсөл хэлэлцэх үед хоёр удаа санаачилга гаргаад, хамгийн түрүүнд энэ санаачилгыг УИХ-ын тогтоолоор байхгүй болгосон. Тэгэхээр энэ тухай ойлголтыг улстөрчид олон нийтэд гүйцэд ойлгуулж чадахгүй байна уу, эсвэл улстөрчид санаатайгаар Үндсэн хуулийг тийм дархлаатай байлгах шаардлагагүй гэсэн санаа бодол үргэлжлээд байна уу гэсэн асуулт тавигддаг.

Эрх чөлөөтэй амьдарч байгаа хүн бүхэн үе үе Үндсэн хуулийн талаар эргэцүүлж бодох, энэ нь болж байна, болохгүй байна гэх мэт хувийн дүгнэлтүүдээ гаргах тэр үед ямар засаглал, Үндсэн хуулийн байгуулал дор байх тухайгаа хэлэлцүүлэг болгон оруулж ирэх, тэр нь олон нийтийн дэмжлэг авбал суурь зүйл рүүгээ халдахгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байх нь эрх чөлөөний нэг хэсэг гэж би хардаг.

-В.Удвал, Үндсэн хууль тогтвортой байх ойлголт нь Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаантай холбоотой. Гэтэл үүнийг улстөрчдийн нүдээр харж өөрчлөлт хийдэг байдал руу орчихлоо л доо. Анх 1999 онд орсон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгосон ч гэсэн тухайн үед АН олонх байсан. Дараа нь МАН олонх болохдоо тэр өөрчлөлтийг өмнөх хэвээр нь баталсан. Бүх цаг үеийн өөрчлөлтийн үед нэг л асуудлыг хөнддөг. Тэр нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэх тухай асуудал. Энэ нь шинжлэх ухааны талаасаа биш, улстөрчдийн ашиг сонирхлоор өөрчлөлт ордог юм биш байгаа гэсэн судлаачийн бодол байна. Ингэж болохгүй. Яагаад гэвэл зүй тогтолд үндэслэн шинжлэх ухааныг хөгжүүлж байгаа учраас хэн нэгний ашиг сонирхлоор хөндөгдөх ёсгүй. Ийм байдлаар цаашдаа олон удаа өөрчлөлт орвол зохистой биш.

Үүрцайх, Б.Чимид багш “Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс” гэж хэлсэн. Бид амьдралаа төлөвлөж, аз жаргалтай амьдрахад тогтвортой Монгол Улс хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хууль тогтвортой байх шаардлагатай. Тогтвортой байлгана гээд алдаатай зүйлийг засахгүй байж болохгүй. Засах нөхцөл шаардлага нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ улстөрчдийн дур зорго, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан нэмэлт, өөрчлөлтөөс хамгаалах учиртай.

Үндсэн хуулийн мөнхийн зарчмууд буюу өөрчилж болохгүй зарчмууд байдаг. Тэр зарчмуудыг Үндсэн хуульдаа тусгаж байж дархлаатай ардчилал төлөвшинө. Бид үүнийг Үндсэн хуульдаа тусгаагүй. Одоогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэсэн ердийн хуулиар зохицуулж байна. Хэзээ ч, хэн ч өөрчлөлт оруулж магадгүй. Энэ бол Үндсэн хуулийн дархлааны эрсдэл.

2023 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр Монголын ардчиллыг аварсан маш том дэвшил гэж хэлж болох зүйл бол сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмсэн. Энэ өөрчлөлтийн үр дүн шинэ парламентын эхний хэлэлцүүлгүүдээс харагдаж байна. Засаг оруулсан төслөө дураараа батлуулаад явдаг байдал үгүй болж байна.

Гэхдээ нөгөө талд нь бас нэг эрсдэл бий. Парламентын ардчилал бол Ерөнхий сайдын ардчилал, улс төрийн намуудын ардчилал байдаг. Нэг толгойтой байх ёстой. Нэг толгойтой байж чадахгүй нөхцөлд эргээд Их хуралд хариуцлага тооцъё гэхээр популист гишүүдэд эрсдэл учруулах боломжгүй. Тэгэхээр УИХ-ыг тараадаг бодитой механизм зайлшгүй шаардлагатай. Ингэж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгохгүй бол ирэх 30 жилд дахин хий эргэнэ. Тиймээс Үндсэн хууль тогтвортой, өөрчлөх шаардлага шалгуур нь хүнд хэцүү, судалгаа шинжилгээнд үндэслэх ёстой. Гэхдээ шаардлагатай бол өөрчлөлт хийх ёстой.

Х.Сэлэнгэ: 1992 оны Үндсэн хуулийг шилжилтийн үеийн Үндсэн хууль гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлсэнтэй би санал нийлэхгүй.

Х.Сэлэнгэ, 1992 оны Үндсэн хуулийг шилжилтийн үеийн Үндсэн хууль гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлсэнтэй би санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Үндсэн хуулиар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн суурь үндсэн тогтолцоог тогтоосон. Энэ Үндсэн хуулиар Монгол Улсын хойшдын чиг хандлага тодорхойлогдсон байгаа учир шилжилтийн үеийн Үндсэн хууль гэж хэлж хараахан болохгүй. Харин тогтвортой байдал нь ямар байна вэ?

Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд хэр зөв бэ? гэвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багш “Өөрчлөгдөхгүй хууль гэж байхгүй. Нийгмийн хөгжлийг дагаад ямар ч хууль өөрчлөгдөнө. Гэхдээ Үндсэн хууль өөрөө суурь хууль учраас байнга өөрчлөгддөг хууль биш” гэж хэлсэн. Үндсэн хуулийг өөрчилнө гэхээс илүү Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөв ойлгож, шаардлагатай тохиолдолд зөв нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой.

-Манай Үндсэн хуулийн тогтвортой байдалд ямар эрсдэлүүд байна. Юуг нь засаж сайжруулах шаардлага байна вэ?

-Х.Тэмүүжин, Би улстөрчийн хувьд яриагүй. Үндсэн хуультай холбоотойгоор хэдэн зүйл хэлмээр санагддаг. Бид шүүх, шүүгчтэйгээ өрсөлддөг прокурорын системийг задалж чадахгүй байна. Яагаад гэхээр Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг шүүгч хэрэгжүүлнэ гэж заасан байдаг тул Шүүгчдийн цалин нэмсэн ч прокурорынхон барьцдаг, шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулъя гэхэд ч тээг болдог энэ систем гол зангилаа Үндсэн хуульдаа байдаг. Үүнийг шийдэхийн тулд дутагдаж байгаа хоёр асуудал бий. Улстөрчдийн хувьд Үндсэн хуулийн тухай нэгдсэн ойлголт бүрэн дүүрэн суугаагүйгээс эрх мэдэлтэй байвал ямар тохиолдолд Үндсэн хуулийг би завхруулж болно гэдэг гажуудал саяхан болсон. Эрх баригчид өөрсдөө популизм хийж Үндсэн хуульд давхар дээлний заалтыг хасуулчихаад, хоёр жил болоогүй бид нар Засгийн газарт ормоор байна гэж Үндсэн хуулийн цэцийг ашиглах замаар дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийсэн зүйлээ нураасан. Тэгэхээр улстөрчдийн ийм тоглолтыг зогсоож чадах Үндсэн хуулийн механизм байна уу, үгүй юү гэдэг сонирхолтой.

Үндсэн хуулийн эрх мэдлийг хуваарилсан, иргэний үндсэн эрхийг хамгаалсан Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн байгууллыг тодотгодог заалтуудыг яаж Үндсэн хуульд өөрт нь дархлаа болгож суулгах вэ? Үүн дээр зоригтой алхам хийх цаг болсон юм биш үү.

-В.Удвал, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хүнд хүргэж чадаагүй байна. Үндсэн хуулийн онолчид бол ард түмэн Үндсэн хуулийг заавал мэддэг байх албагүй гэдэг. Гэхдээ Үндсэн хуулийн зохицуулалт нь тэр хүмүүсийг хамгаалдаг байх ёстой. Тэгэхээр энэ чиглэлээр бид цаашид ажилламаар байгаа юм.

Д.Үүрцайх, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр жишээ нь Цэцийн гишүүний хараат бус байдлыг сайжруулахын тулд есөн жилээр нэг удаа томилдог болгоё. Хүний эрх зөрчсөн Шүүхийн шийдвэрийг цэцээр хянуулдаг болгоё. Төрийн бүх эрх мэдлийг Үндсэн хуулийнхаа хүрээнд оруулж ирж хянаж, шийдвэрлэдэг Цэцийн байр суурийг бэхжүүлье. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд аваачъя гэж яригдсан. Энэ асуудлуудыг ярихаар бидний хамгийн эхлээд хийсэн алдаанаас болоод буюу эрх мэдлийн хуваарилалт буруу учраас Ерөнхийлөгчөөсөө айгаад байна гэж яригддаг. Одоо зоригтой шийдэл гаргаж, ирэх 30 жилд алдахгүйн тулд энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ёстой. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын харилцан нэг нэгнээ хянадаг механизмыг Үндсэн хуульдаа хийгээд авъя.

Д.Үүрцайх: Энэ парламент зоригтой шийдэл гаргаж, ирэх 30 жилд алдахгүйн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ёстой. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын харилцан нэг нэгнээ хянадаг механизмыг Үндсэн хуульдаа оруулъя.

-Үндсэн хуульд эдийн засгийн хөгжлийн бодлогын талаар эрх зүйн ямар зохицуулалт байдаг вэ. Энэ нь Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал мөн үү?

Х.Сэлэнгэ, Монгол Улсын Үндсэн хууль бол их уян хатан хууль. Тиймээс улстөрчид ойр ойрхон нэмэлт өөрчлөлт оруулж байна л даа. Яваандаа хатуу Үндсэн хууль болох шаардлагатай гэж үздэг. Яагаад гэвэл зарим улстөрч засаглалын хэлбэрийг өөрчлөх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох, хоёр танхимтай парламенттай болъё гэх мэт асуудал гарч ирдэг. Тэгэхээр бид Үндсэн хуулиа хамгаалж, Үндсэн хуульдаа зарим хязгаарлалтыг хийх өгөхгүй бол болохгүй. Нэгдүгээрт, Үндсэн хуулиа хамгаалсан механизмыг оруулах шаардлагатай.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн хяналтыг сайжруулах шаардлагатай. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой нэг чухал зүйл бол улстөрчдийн эрх мэдлийг хязгаарласан хязгаарлалтууд Үндсэн хуульд маш бага. Тэгэхээр улстөрчдийн эрх мэдлийг хязгаарласан хязгаарлалтуудыг Үндсэн хуульд оруулбал манай Үндсэн хууль төлөвшиж, сайжирна. Жишээлбэл, эдийн засгийн хөгжилтэй холбоотой эрх зүйн зохицуулалт манай Үндсэн хуульд хомс байдаг. Тиймээс өрийн дээд хэмжээг улстөрчид дур зоргоороо нэмдэг. Гэтэл гадны улс орнуудын Үндсэн хуульд “Нийтийн санхүү” гэсэн бие даасан бүлгийг Үндсэн хуульдаа тусгаж, түүндээ үндэслэн эдийн засгийн хөгжлийн бодлогоо тодорхойлохоос гадна, зөв зохистой хөгжүүлэхийн тулд улстөрчдийн эрх мэдлийг хязгаарлаж өгдөг.

-Х.Тэмүүжин, Эдийн засгаа тэлэх, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зөв эсэхийг би мэдэхгүй байна. Иргэний эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой Үндсэн хуулийн агуулга зөрчилдөж байгаа бол Үндсэн хуульдаа сайжруулж болох байх. Миний хэлэх гэсэн гол санаа бол эдийн засгийн асуудал биш, эрх мэдлийн асуудал л Үндсэн хуулийн хамгийн том дайсан байна. Хэн нэгэн эрх мэдэл дээр үлдэх гэж, эрх мэдлээ дахин сунгах гэж оролддог. Эсвэл улстөрийн эрх мэдлээрээ дамжуулан эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэх гэж оролддог.

Эсвэл үгэнд нь орохгүй байгаа шүүгч нарыг ҮАБЗ-д дуудаж авчраад зөвлөмж гарсан учир Шүүхийн албан тушаалд байхгүй гэж хэлдэг эрх мэдэл өөрөө Үндсэн хуулиар тоглоод байна. Нэг хүн “эрх мэдлээ үргэлжлүүлье” гэсэн юм уу, би мэдэхгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчиж байна, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн яриа гарсан.

Үндсэн хууль иргэний эрхийг хамгаалахаас гадна төрийн эсрэг зогсох хамгийн чухал хэрэгсэл. Гэтэл энэ чиг үүргээ Үндсэн хууль хэрэгжүүлж чадахгүй байна вэ. Үүн дээр л бид анхаарах ёстой. Яагаад Монголд эрх мэдэл төвлөрөөд байна. Төвлөрсөн эрх мэдлийг задлах хүч Үндсэн хуулиас гарахгүй байна. Зогсоох хүч чадлыг нь ажиллуулах ёстой Цэц яагаад улстөрчдийн тоглоом болж хувираад байна. Хувирахгүй гэвэл Үндсэн хуулийн цэцийг яаж сайжруулж болох вэ. Өмнө нь Цэцийг сайжруулах чиглэлийн олон удаагийн саналууд нурж унаж байсан. Шалтгаан нь энэ байгууллагын амбицтай холбоотой байсан.

Би энэ удаа итгэж байна. Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн мэргэжилтнүүд олон болсон. Улстөрчдийн гар хөл болно гэхээс илүүтэй шинжлэх ухааныг нь судалсан, итгэсэн, онолын байр суурь дээрээ хатуу зогсож чадах хэмжээний гишүүдтэй болж авсан. Тиймээс энэ удаа Цэц Үндсэн хуулийн манаач, Үндсэн хуулийг сахиулах дээд хүчин чадлынхаа хувьд улс төрийн эрх мэдлийг сөрж зогсож чадна гэж итгэж байна.

Үндсэн хууль улс төрийн тоглоом болохгүй гэдэг хатуу байр суурь илэрхийлж чадах хэмжээний мэдлэгийн хүч хуримтлагдсан гэж итгэж байна. Тиймээс Үндсэн хууль дахин тоглоом болохгүй байх гэж найдаж байна.