Монголын эдийн засаг мэдлэгт суурилснаар хөгжинө
Хүн ам цөөн, жижиг эдийн засагтай манай улсын хувьд дутуу байдлаа технологийн оролцоотойгоор нөхөж, нийт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах ажлыг хурдасгах учиртай. Ийм учраас миний хувьд үндсэн хоёр чиглэлд төвлөрч ажиллана.
НЭГДҮГЭЭРТ,
сэтгэлгээний ядуурлыг өөрчлөх, оюун санааны сэргэлтийг авчрах. Энэ хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засаг буюу технологийг чадавхжуулах шаардлагатай байна. Манай улс түүхий эдэд суурилсан эдийн засгийн эргэлттэй. Иймд, хөрш хоёр улсаасаа хараат бус эдийн засгийг төвлөрүүлэхэд анхаарна. Олон хүн технологийг зөвхөн мэдээллийн технологи гэж төсөөлдөг ч энэ нь маш өргөн цар хүрээтэй. Тухайлбал хими, хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг нийгэм эдийн засгийн бүх салбарт технологи хурдацтайгаар нэвтэрч, хөгжиж байна. Иймд монгол хүн оюун санааны хувьд илүү бүтээлч байж, энэхүү технологиор орлого олж, эдийн засгаа тэлэх боломжтой юм. Үнийг хэрэгжүүлж болохуйц хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд санаачилгатай ажиллана. Бид байгалийн баялгийг ашигладаг, олборлогч үндэстэн.
Монгол Улс баялаг бүтээгч Үндэстэн болох хэрэгтэй
Баялаг бүтээгч үндэстэн болго, бүх боломжийг бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллах хүсэлтэй байна. Энэ нь монголын томоохон ТОП аж ахуй нэгжүүдийн олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлж, дэмжинэ гэсэн үг. Дэлхийд тэргүүлж буй Япон, Солонгос, Хятад улсын хөгжлийн түүх нь тухайн улсын томоохон компаниуд олон улсын зах зээлд гарч, өрсөлдөх чадвараа баталж чадсаны үр дүн юм. Энэ улс орнууд мэдлэг, чадварт суурилсан эдийн засгийг бий болгож чадсан. Улмаар хүүхэд, залуучуудынхаа эрдэм боловсролд анхаарч, үр шимийг нь ийнхүү хүртээд явж байна. Манай улсын хувьд технологийн хөгжлийг төр нь түүчээлэх биш, харин хувийн хэвшлүүдэд түүчээлэх боломжийг нь бүрдүүлэх учиртай.
УИХ-ын гишүүн Ч.Анар
УИХ-ын гишүүний хувьд хамгийн олон ажлын хэсэгт ажиллаж байна. Хууль, тогтоомжийн зөрчил, давхардлыг арилгах ажлын хэсгийг ахалж байгаа. Манай улс хууль, тогтоомжийн зөрчил, давхардлыг арилгах чиглэлээр 1996 оноос хойш тодорхой ажил хийгдсэн ч, ахиц дэвшил бага гарсан. Үүнээс улбаатай иргэн, аж ахуй нэгжүүд төрийн үйлчилгээ авахад тодорхойгүй байдал үүсэж, хүнд суртал нэмэгдэж, дээрээс нь үргүй зардал маш их гардаг.
Үүнийг сууриар нь засаж зөв болгохгүй бол, шинээр батлагдсан хууль, тогтоомж бусад хуультайгаа зөрчилдөх асуудал арилахгүй байгаа юм. Үүнийг үндсэн сууриар цэгцлэх нь миний гол ажил. Ингэж байж иргэн, аж ахуй нэгж, албан хаагчид хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчил, хийдэл, давхардалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ. Үүнийг технологи, хиймэл оюун ухаан ашиглаж, богино хугацаанд засаж, сайжруулахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа болно.
ХОЁРДУГААРТ,
УИХ-ын тамгын газрын эхлүүлсэн төрийн албаны процессын дахин инженерчлэлийн ажлыг үргэлжлүүлэн, үр дүнтэй болгох ажлын хэсэгт ажиллаж байна. Монголд хамгийн том төсөв бүрдүүлэгч, худалдан авагч нь Засгийн газар өөрөө байдаг. Сүүлийн жилүүдэд данхар төсвийг багасгаж, үргүй зардлыг бууруулах талаар их ярьж байгаа. Үүнийг бодит ажил болгоно гэсэн үг. Жишээ нь аль нэг Төрийн өмчит компани ашиггүй ажиллахад үүн дээр хариуцлага тооцдоггүй. Харин улс төрийн хариуцлага тооцож, нэг дарга халагдаж, дараагийн дарга томилогдох үйл явц үргэлжилдэг. Хувийн хэвшлийн бага зардлаар гүйцэтгэж чадах ажлыг төр өөрөө хэд дахин их зардлаар хийдэг. Татвар төлөгчдийн мөнгө ийм байдлаар үргүй зардал болж дуусдаг. Нөгөө талдаа төр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ харилцагч гэж хардаггүй, бүтэцдээ таарсан үйлчилгээ үзүүлдэг. Энэ процессыг засаж, сайжруулах юм. Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авч байгаа ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх, групп, тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгох, банкнаас зээл авахдаа маш олон шат дамжлага дамждаг хүндрэл байсаар байна. Төр иргэдийнхээ энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой.
Геополитикийн хувьд манай улс эдийн засгийн ашиггүй байрлалтай. Иймд мэдлэгт суурилсан эдийн засгийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй.
Эдийн засгаа солонгоруулахдаа аж үйлдвэрийн салбарыг тэргүүлэх хөгжлийн салбар болгосон ч өнөөх л байгалийн баялаг, түүхий эд дээрээ эдийн засаг төвлөрдөг. Үүнийг өөрчлөх хөгжлийн хөтөлбөр олон бий. Гагцхүү хэрхэн, яаж хэрэгжих нь тодорхойгүй байгаа юм. Үүнийг засаж, сайжруулж, бодлогын уялдаа, холбоог сайн хангахаар ажиллаж байна. Монгол Улсыг хүнтэй адилтган үзвэл эрийн цээнд хүрсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, онож, олон зүйл дээр сургамж авч, суралцлаа. Одоо шинэ түвшинд гарч, дэлхийд мэдлэг, чадвараараа өрсөлдөх чадамжтай Монгол Улс болох ёстой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn