Хүнсний ууган үйлдвэрийн зарим ажилтанд төрийн одон, медаль гардуулав
Дархан хотын төдийгүй Монгол улсын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг 1974 онд байгуулсан Дарханы мах комбинатын ахмад ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа.
Тус үйлдвэрт байгуулагдсан цагаас нь эхлээд олон жил үр бүтээлтэй ажилласан найман ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнасныг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гардууллаа.
Өнгөрсөн оны зургаадугаар сард тус үйлдвэрийн түүхт 50 жилийн ой тохиосон бөгөөд ойн хүрээнд болон мах боловсруулах үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан мах боловсруулах үйлдвэрийн нядалгааны ажилтан Ц.Намсрайжав, ахмад ажилтан Ш.Пүрэвсүрэн, Ц.Баасанхүү, Х.Шүрхүү, С.Цэрэндолгор, Б.Орхонтуул, инженер Б.Бат-Очир, технологич Р.Жавзанхүү нарт гардуулав.
Дархан мах комбинат нь 1200 гаруй ажилтантай, жилд 120 мянга орчим бод, 320 мянган бог мал нядалж түүний 80 хувийг экспортод гаргадаг байсан. Мөн малын дайвар бүтээгдэхүүнийг ч боловсруулж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхээс гадна элэг, зүрх зэргийг ХБНГУ руу байнга нийлүүлдэг байсан гэж үйлдвэрийн анхны ажилтан Б.Бат-Очир онцолж байна.
Дээрх шагнал авсан ахмад ажилтнууд гавьяаныхаа амралтад гарсан ч эзэмшсэн мэргэжлээрээ хувийн хэвшлийн ААНБ, мах боловсруулах үйлдвэрийн хүнсний технологич, мастер, инженерээр ажиллаж байна.
Төрийн одон медаль гардуулах үйл ажиллагаа Дархан хот дахь ХХААХҮЯ-ны хүндэтгэлийн танхимд боллоо.