Вакцин үйлдвэрлэлийн Шугаман эсийн технологийн шинэ лабораторитой боллоо
Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (LCP) төсөл, Биокомбинат ТӨХХК хамтран Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Уг төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл авахаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар өнөөдөр Биокомбинат ТӨХХК-д ажиллалаа.
Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийн төсөвт өртөг нь 385 мянган ам.доллар буюу 1.3 тэрбум төгрөг болсон байна.
Уг төсөл хэрэгжсэнээр 1973 онд Унгар улсын тусламжтай байгуулагдаж байсан Биокомбинат ТӨХХК 50 жилийн насжилттэй хуучин тоног төхөөрөмжөө орчин үеийн дэвшилтэд технологи бүхий лабораторийн 24 нэр төрлийн тоног төхөөрөмж болгон өргөтгөж шинэчилсэн байна. Ингэснээр вирусийн гаралтай вакцины уламжлалт технологийг өөрчлөн шугаман эс (cell line)-ийн технологид шилжүүлснээр биотехнологийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхи дээшилж, түүхий эдийн хараат байдлаас бүрэн ангижирч, вирусийн гаралтай вакцин, биобэлдмэлийн чанар, хүртээмж нэмэгдэх боломж бүрдсэн талаар Биокомбинат ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энх-Амар онцолсон юм.
Монгол Улс гадаад улсаас өндөр үнээр импортолдог бог малын мялзан болон үхрийн арьс товруутах зэрэг малын гаралтай өвчлөлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж, оношилгооны лаборатори бүрэн чадавхжаад байна.
Биокомбинат ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн лабораторийн онцлог давуу тал, ажиллах орчин нөхцөл сайжирсан талаар ярьж, орчин үеийн дэвшилтэд технологитой болсноор вакцины дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, малын гаралтай өвчний оношилгоог цаг алдалгүй тодорхойлох боломжтой болсон гэсэн юм.
Тус ТӨХХК нь “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл”-ийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл хөнгөлөлттэй гурван тэрбум 490 сая төгрөгийн зээлд хамрагдан шингэн вакцины савлагааг автоматжуулах тоног төхөөрөмжөө сайжруулсан байна.
Хөнгөлөлттэй зээлий хүрээнд шингэн вакциныг савлах цехийн өрөө тасалгааг орчин үеийн GMP шаардлагад нийцүүлэн өөрчилж, үйлдвэрлэлд цэвэр орчин (clean room) бий болж, бүтээгдэхүүн бохирдох эрсдэлгүй болж, орчин үеийн автомат ажиллагаатай шинэ техник, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал одоогийнхоос 50-60 гаруй хувиар нэмэгдсэнээр нийт малыг вакцинжуулах хувийг 40-45 хувьд хүргэх боломжтой болж байгаа юм.