УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа
2024.11.18

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг өнөөдөр /2024.11.18/ хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, хүний эрхийг дээдлэх, жендэрийн эрх тэгш, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлаж идэвхтэй хөгжиж ирснийг онцлов. Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” Канад Улстай бүхий л чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд үүний тод илрэл нь өнгөрсөн жил хоёр улсын харилцааны түвшин шат ахиж Иж бүрэн түншлэлд хүрснийг тэмдэглэв.  

Элчин сайд Сандра Шуфани Канад, Монголын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, энэ оноос Канад Улсаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “ЭККО-ФАРМ” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Канад Улс нь хөдөө аж ахуйн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг онцолж, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хоёр талын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, цаашид улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чиглэсэн аливаа санал, санаачилга, бодлогыг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахыг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.