2024.10.17
С.Ганбаатар: Дамжуулан зээлдүүлсэн асуудлыг иргэдийн нуруун дээр хаях биш зөөлрүүлэх, үе шаттай байх бодлого байж болох уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар :
Монгол Улс сүүлийн найман жил эрх баригчдын буянаар мөнгө хүүлэгчдийн диваажин болж хувирсан. Цаашид энэ хэвээрээ байх юм шиг байна. Одоо ард түмнийг сөхрүүлж унагах зүйл орж ирсэн байна. Тухайлбал, эрчим хүчний өртөг шингэсэн тарифын тогтолцоог хэрэгжүүлж, санхүүгийн алдагдлыг зохистой түвшинд хүргэх. Хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг нэмэгдүүлэх хувь нь 64, хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэмэгдүүлэх хувь нь 28 гээд ороод ирж. Төсөв дээрх тооцоог харж байхад 27,6 тэрбум төгрөгөөр цахилгааны зардлыг, 189,9 тэрбум төгрөгөөр дулааны зардлыг нэмж. Энэ нь улсын төсөв. Үүнийг ард иргэд дийлэх үү. Би нэмэхгүй гэж хэлээгүй шүү. Та нар зөөллөх бодлого барьсан уу?
Ирэх 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд 2025 онд цахилгаан, дулаан 30 болон 50 хувиар нэмэгдэх нь байна. Өнөөдөр өмнөх онуудын дамжуулан зээлдүүлэх өрийн үлдэгдэл нь эрчим хүчний салбарт 1,1 их наяд төгрөг байна. Энэ нь доллароор авсан зээл. Зарим зээлүүд 1993 онд авсан байна лээ. Үүний дараа богино хугацаат өр 381 тэрбум төгрөг. Энэ 1,5 орчим ихнаяд төгрөгийг ард түмний нуруун дээр тавьж байна. Үүнийг дандаа төрийн өмчит компаниуд голдуу авсан байгаа. Араас нь том том тендерүүд байна. Өнөөдөр УИХ-д сонгуулиар хамгийн их донор, санхүүжилт өгдөг компаниуд бүгд эрчим хүчний тендерүүд рүү уухайлан дайрдгийн учрыг одоо л ойлгож авлаа. Мөн 58 компанид тендер өгсөн байна. Дамжуулан зээлдүүлсэн энэ асуудлыг ард иргэдийн нуруун дээр хаях биш зөөлрүүлэх, үе шаттай байх бодлого байж болох уу?
Ард иргэдийн ахуй амьдралыг аз жаргалтай болгоно гэж бид энд орж ирж суусан шүү дээ. Орж ирээд л дуу нэгтэйгээр дулаан, цахилгааны төлбөрийг нэмэхдээ иргэдэд маань хэрхэн хүнд тусахыг бодож үзсэн үү. Энэ талаар надад тодруулга өгнө үү?
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан