2024.05.24

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД ЭРХ ЗҮЙ, ТӨСӨВ, ХАРИУЦЛАГЫН ХУВЬД БИЕ ДААН ХӨГЖИНӨ

Улаанбаатар хотын захын дүүрэгт амьдарч байгаа иргэн төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь Монгол Улсын Ерөнхий сайдын томьёолсон “Хорин минутын хот” бөгөөд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн анхны уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн Толгойт-Таваншар бүсээс эхэлсэн нь Нийслэлийн бүсчилсэн хөгжил, “Хорин минутын хот” болох гол цөм энэ дүүрэгт байгааг илэрхийлсэн.

Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт, Баянхошуу, Өнөр гэсэн дөрвөн томоохон бүсэд 43 хороогоор дамжуулж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Нийслэлийн бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдгээр дөрвөн бүсийг эрх зүйн хувьд ч, төсөв санхүү, хариуцлагын хувьд ч бие даалгаж хөгжүүлэх юм.

Улаанбатаар хотын хэмжээнд ЗУРГААН ДЭД ТӨВ байгуулж байгаагийн хоёр нь Сонгинохайрхан дүүрэгт бий. Толгойт дэд төв, Баянхошуу дэд төв.

  • Баянхошуу дэд төвийн хүрээнд 136 га талбайд төлөвлөлт хийгдэн, орон сууц барих инженерийн дэд бүтэц байгуулсан. Энэ нь цэвэр бохир ус, дулааны шугам 100% татагдсан. Эхний газар чөлөөлөлт хийгдээд орон сууцны барилга угсралт эхэлсэн.
  • Толгойт дэд төвийн хүрээнд 146 га талбайд төлөвлөлт хийгдээд, 30% гүйцэтгэлтэй явж байна. Инженерийн дэд бүтцийн ажил хийгдвэл энэ 2 дэд төвийг дагасан гэр хорооллыг байшин хороолол болгох, сургууль, цэцэрлэг, соёл урлаг, үзвэр үйлчилгээг төвлөрүүлэхээр Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны бодлого Алсын хараа 2050-д Эмээлтийг аж үйлдвэрийн эко парк болгох төлөвлөлт хийгдэж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд СХД-ийн 21 дүгээр хороо буюу Партизан хэсэг Агросити буюу Улаанбаатар хотыг нарийн ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг болгох зорилт тавьсан. Эдгээр хөгжлийн чиглэлүүдээ түшиглэн ажлын байр бий болгож, хөгжүүлэх юм.

Өнгөрөгч дөрвөн жилд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж чадсан бол цаашдаа чанартай болгохоор ажиллаж байна. Боловсон хүчний чадварыг сайжруулах, Кэмбриджийн хөтөлбөртэй, Орос сургуультай болсон гэх мэт чанарыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн жилүүдэд анхдагч хэрэгцээ болсон дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадсан. Одоо бид ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр хорооллоо байшин хороолол руу шилжүүлэн, иргэдийн амьдарч буй орчинг таатай болгох чиглэлд илүү анхаарч байна. Иргэн орлоготой болж, таатай орчинд амьдардаг болчихвол бидний хүсдэг дүүрэг бий болно.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn