Байнгын хорооны дарга Ч.Ундрам боловсролын салбарын тулгамдсан асуудал, шинэчлэлийн талаар санал солилцлоо
2024.08.13

Байнгын хорооны дарга Ч.Ундрам боловсролын салбарын тулгамдсан асуудал, шинэчлэлийн талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам өнөөдөр /2024.08.12/ Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад оролцогчид монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, цаашид салбарын хэмжээнд эхлүүлэх томоохон шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам уулзалтын эхэнд, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Боловсролын яамны удирдлагуудтай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монголын боловсролын зорилго, хөтөлбөр, орчин нөхцөл, багш, хүний нөөц, боловсорлын үнэлгээ, дээд боловсролын чанар, шинжлэх ухааны тогтолцоо, чадавх зэрэг тулгамдсан асуудалд шийдлийг дэвшүүлсэн танилцуулга хийлээ.

Тэрбээр, Монгол Улс өнөөдрийг хүртэл сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын стандарт байдаггүйг онцлоод ирэх дөрвөн жилд боловсролын стандарттай, үндэсний хөтөлбөртэй, сургууль, дотуур байрны нүхэн ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж дуусгахаас эхлээд хүүхдийн сурч боловсрох орчин нь шаардлага хангасан, багшийн нэр хүнд өссөн, хиймэл оюун ухаанд суурилсан мэргэжилтэн бэлтгэх тогтолцоотой болох зэрэг асуудлуудад салбарын яам анхаарч, томоохон шинэчлэл хийж ажиллах шаардлагатай байна гэв. Мөн тэрбээр Байнгын хорооны зүгээс салбарын эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын зоримог шинэчлэлийг явуулахад Боловсролын яамтайгаа нягт хамтарч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Боловсролын сайд П.Наранбаяр Байнгын хорооны дарга Ч.Ундрамын хөндөж буй монголын боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд цаашид тус салбарын бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөрт тус танилцуулгад дурдсан оновчтой санаачилга, шийдлээс нь тусган хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, олимпиадын хуваарийг баталсан зэргээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, хөтөлбөрийг сайжруулах, сурагчийн дүрэмт хувцасны шинэчлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг шинэчлэх зэрэг салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.