ТАНЫ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ИЛЭРХИЙЛЭХ ХАМГИЙН ТОМ ИЛЭРХИЙЛЭМЖ БОЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
Бид өдөр тутмынхаа амьдралд ямар нэг байдлаар олны дунд орж, тэдгээр хүмүүстэй харилцаа холбоо үүсгэж, уулзаж ярилцах гэхчлэн харилцан адилгүй байдлаар нийгмийн харилцаанд ордог нь үнэн. Энэ л үед, өөрийн гадаад төрхдөө сэтгэл дундуур байх нь бидний зан төлөв, амьдралын хэв маяг цаашлаад өдөр тутмын харилцаанд ч сөргөөр нөлөөлөх нь бий. Гэсэн ч хүн бүр өөрийн гоо үзэсгэлэнтэй. Гагцхүү таны гоо үзэсгэлэнд бидний хийх зүйл “өчүүхэн бага”. Танд таалагдахгүй байгаа тэр хэсэгт багахан ажиллахад л өөрийнхөө гоо сайхныг илүү тодоор хардаг. Нэг үгээр хэлбэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бидний ажлын зорилго оршиж буй. Гоо сайхны мэс заслыг сонгож буй шалтгаануудыг хоёр талд хуваан байрлуулбал, нэг талд нь төрөлхийн гажиг эсвэл осол гэмтэл, өвчлөлөөс үүдсэн таагүй ул мөрийг арилгах нөгөө талд нь биеийнхээ аль нэг хэсгийг өөрчилбөл илүү гоо үзэсгэлэнтэй харагдах хүслээс эхлэлтэй байдаг. Яахав төрөлхийн гоё өгөгдөлтэй хүмүүс бий. Харин ийм өгөгдөлгүй хүмүүсийг “гоо сайхан”-гүй гэх нь утгагүй санагддаг. Миний бодлоор гоо сайхан гэдэг нь хүний өөртөө итгэх итгэл, нийгмийн байр суурь цаашлаад сэтгэл зүйн эрүүл мэндтэй шууд холбогддог онцгой чухал зүйл. Тиймээс өөртөө сэтгэл хангалуун бас итгэл дүүрэн байж нүүр дүүрэн инээмсэглэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээр гоо сайхнаа тодотгоорой.
Европ бүсгүйчүүд шиг өндөр хамар, давхраатай алаг нүд, бумбагар уруул, V-Line нүүрний хэлбэрийг “ГОО САЙХАН” гэх нь өрөөсгөл ойлголт
Бүсгүйчүүдийн одоо байгаа төрх сайхан ч ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх
бол гэдэгт хэт анхаарч түүндээ эмзэглэдэг болсон нь нууц биш. Дөнгөж 20 гаран насны эмэгтэй өөрийнх нь залуу төрх хувьсан өөрчлөгдөхөөс айж, хөгшрөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь нэг төрлийн эмгэг юм. Мэдээж тухайн хүний бие организмын онцлог, амьдралын чанар, ажил эрхлэлт, стрессээс үүдсэн хөгшрөлт, арьс арчилгаа зэрэг нь хүн бүрд харилцан адилгүй явагддаг ч дэлхийн татах хүчний нөлөөгөөр арьс унжиж, сулрах нь байгалийн хууль юм. Тиймээс хөгшрөх процессыг бүрэн зогсоох боломжгүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭЦСИЙН ХҮСЭЛ, ЭМЧИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРТАЙ НЭГ ЦЭГТ “ОГТЛОЛЦОХ” УЧИРТАЙ
Монгол, Солонгос, Япон хүмүүсийн дүр төрх ерөнхийдөө ойролцоо. Учир нь газар зүйн байршил, цаг агаар зэргээс хамаараад Хойд мөсөн далай руу буюу хойшлох тусам хүний чих, хамар болох дайвар эрхтэн илүү томорч харин урагшлах тусам жижгэрдэг. Ази хүний хамар ихэвчлэн намхан, мөгөөрс жижгэвтэр байдаг учраас хагалгаанд орж буй хүмүүсийн дийлэнх нь хамрын нуруу болон үзүүрийг өндөрлөх, өргөх хүсэлтэй ирдэг. Бусад орны хүмүүстэй харьцуулахад Монголчуудын арьс маш зузаан бас тослог чанартай.
Арьсны сунамтгай чанар бага учир хэт сунгаад өндөрлөчихөөр хамрын үзүүр дэх цусан хангамжийн тухай асуудал хөндөгдөж, хамрын үзүүр амьдарч чадахгүйд хүрдэг гэсэн үг. Иймд, тухайн хүнийхээ арьсны онцлогт нийцүүлэн боломжит хэмжээнд нь хүргэхийн төлөө эмч зорьдог. Үүний сацуу хүний гавал тархины хэмжээ, нүүрний харьцаа, духны байдал, нүд болон хөмсөгний дотор булан, хамрын эхлэл хэсгийн хонхор зэргээс хамаарч хамрыг хэр зэрэг өндөрлөх эсэхийг тодорхойлдог. Ингэснээр ажилбарт шаардагдах зүйлийн загвар, хэмжээ ч тодорхой болоод ирдэг.
Гоо сайхны ажилбар хийлгэснээр цоо “шинэ хүн” болж автоматаар 100% өөртөө итгэлтэй хүн болчихгүй
Ер нь ямарваа мэс ажилбарын үр дүнгийн хүлээлт “бодит” байх ёстой. Энэ хагалгаанд л орчихвол үнэхээр “супер” болно гэхээсээ илүү миний анатомийн өгөгдөл, арьсны онцлог ямар билээ гэдгийг бодолцож, өмнөх хамрын өндөр нам, өргөн нарийнаас хэрхэн өөрчлөлт гарсанд тулгуурлах нь “бодит” хүлээлт юм. Үүний тулд эмч, үйлчлүүлэгчтэйгээ олон удаагийн уулзалтаар сайтар ярилцсаны дүнд бүрэн ойлголт өгөх учиртай. Үйлчлүүлэгчийн маань эцсийн хүсэл, эмчийн боломжит хувилбартай нэг цэгт “огтлолцож” гэмээ нь хагалгаа амжилттай явагдлаа гэж үздэг. Энэ ч үүднээсээ олон удаагийн гоо сайхны мэс ажилбарын ард амжилттай гарч, үйлчлүүлэгчдийнхээ нүүр дүүрэн инээмсэглэл, чин сэтгэлийн талархлын үгээр тэтгэгдэн явна.
АЖЛЫН БАЙРАНДАА ТАВ ТУХТАЙ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ УЛАМ ДУРЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛДЭГ
Зөвхөн гоо сайхан гэлтгүй бүхий л салбарт туршлага хуримтлуулахын тулд аливааг багаас нь эхэлж, түүнээсээ шат дараатай суралцан боловсроод явдаг нь бичигдээгүй хууль юм. Миний хувьд ч энэ зарчмаар л явсан байдаг. Тодорхой хугацааг туслах эмч хийхэд зарцуулж тэр хэмжээгээр ур чадвар, мэдлэг боловсролоо ахиулж хамрын мэс ажилбар талдаа мэргэшиж өөрийгөө улам чамбайруулах процессыг шат дараатай туулсан гэж боддог. Гоо сайхны пластик мэс засал нь эмчээс өндөр хэмжээний гоо зүйн торгон мэдрэмж шаарддаг онцлогтой. Олон удаагийн хагалгаанд орж олон төрлийн нүүрний бүтэцтэй хүмүүстэй ажиллах тусам эмчид арга барил нь тогтож, гоо зүйг мэдрэх “МЭДРЭМЖ” суудаг гэж хэлж болно. Үйлчлүүлэгч маань өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байхад жаахан дутмаг байгаа зүйл нь юу байна? Гагцхүү тэр асуудалд нь өөрийн мэдрэмж, авьяас чадвар, сэтгэл зүрхээ дайчлан “БОДИТ ҮР ДҮНГ” харуулах нь манай хамт олны эцсийн зорилго юм. Бидний хийх мэс ажилбар яавал амжилттай болох вэ? гэдэгт бүхий л анхаарлаа хандуулдаг. Учир нь ажилбарыг эмч ганцаараа хийхгүй, энэ бол цэвэр багийн хамтын ажиллагаа байдаг. Ажил дээрээ гэртээ байгаа мэт тав тухтай, аз жаргалтай байж гэмээ нь хийж буй зүйлдээ улам дурладаг шүү дээ. Тиймээс, хамт олноо энэ нөхцөл боломжоор үргэлж хангахыг зорьж ажилладаг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан