2024.06.04

Эрдэмтэн судлаачид улс орны хөгжлийг түүчээлдэг

Инновацыг  аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно. Даацтай томоохон инновацууд эрдэм шинжилгээний байгууллагуудаас гардаг. Иймд манай улс энэ салбарын бодлогоо өргөжүүлж, судлаачид, эрдэмтдээ дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай.

Миний хувьд Биотехнологич мэргэжилтэй. Үүн дотроо Биоанагаах ухаан чиглэлээр ажиллаж суурь судалгаанаас эхлээд инновацын судалгаа хүртэл ажиллаж байсан туршлагатай, олон улсын гурав, дотоодын таван төслийг удирдан ажиллаж байлаа. Тухайлбал БНСУ-ын эрүүл мэндийн салбартаа хоёрт эрэмбэлэгддэг Дентум компани хүүхдийн шүдний ломбыг илүү сайжруулах захиалгат төсөл дээр амжилттай ажиллаж, бүтээгдэхүүн нь зах зээлд нэвтэрсэн. 

Солонгос Улсад 10 гаруй жил сурч, ажиллаж амьдарсан. Тэнд байхдаа салбартаа тэргүүлэгч Монос групптэй холбогдож, хамтран төсөл хэрэгжүүлж,  эх орондоо шинжлэх ухааны салбарыг хөгжүүлье гэсэн хүсэл, тэмүүлэлтэй ирсэн юм. Гадаадад судлаач нарт зориулсан өндөр технологи бүхий лабораторитой бүх нөөц нь бэлэн, зөвхөн “та ажлаа сайн хий” гэсэн  нөхцөлтэй ажиллуулдаг. Цалин хөлс, нийгмийн хангамж өндөр. Бүтээгдэхүүн нь экспортод гарах тусам үүнийгээ дагаад цалин хөлс, бусад хангамж өсөөд явдаг. Харин манай улсад энэ тал дээр учир дутагдалтай олон асуудал бий. Үүнийг Монос группийн хувьд шийдэж чадсан нь хүссэн судалгаагаа монголдоо хийх боломж байна гэсэн итгэлийн надад төрүүлсэн юм. Одоо Монос группийн  эрдэм шинжилгээний хүрээлэнд хэд хэдэн шинэ эмийн төсөл дээр ажиллаж байна. 

Бид Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд үндэслэн, эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнийг инновац шингээж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэн, олон улсын стандартаар үйлдвэрлэж, өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэхээр зорьж байгаа.

Монгол Улсын Алсын хараа 2050 бодлогын баримт бичигт инновацыг дэмжиж, баялаг бүтээх талаар тодорхой тусгагдсан. Миний хувьд үүнтэй уялдуулан судлаач нараа чадваржуулах, мэдлэгээ баялаг болгоход нь туслах зорилгоор сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Тодруулбал Монос групп өөрсдийнхөө бүтээлийг дэлхийн зах зээлд гаргаж, улсынхаа эдийн засагт үр өгөөж өгөх хүсэл, зорилготой залуу судлаач, эрдэмтэд, Стартап бизнес эрхлэгчдээ дэмжиж , innoHUB инкубатор төвийг 2023 онд байгуулсан юм. Манай  инновацын төв нь  гишүүддээ судалгаа, бизнес, хөрөнгө оруулалтын талаарх зөвлөгөө хүргэж, хөрөнгө оруулагч нартай  холбож, гарааны бизнесийг нь хурдтай зах зээлд гаргах боломж олгодог. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7 гарааны бизнес манай төвөөр бойжиж, 2 бизнес хөрөнгө оруулалт авч, 2 бизнесийг хөрөнгө оруулалтад зуучилж ажиллалаа.Миний хувьд энэ төвийг дэмжин ажиллах явцдаа улс орны хөгжлийн түүчээлэгч нар судлаачид байдаг юм байна гэдгийг илүү их мэдэрч байна.  Дэлхийн олон оронд анагаах ухаан, биотехнологи, нанотехнологи зэрэг дэлхийд эрэлттэй мэргэжлээр монгол залуучууд ажиллаж, туршлага хуримтлуулж байгаа.

Энэ чадварлаг залуучуудаа Монгол Улсдаа татах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд судлаач хүмүүсийн нэн тэргүүнд хардаг, маш сайн тоноглогдсон орчин үеийн лабораторитой болох шаардлагатай. Яагаад гэвэл тэдний ажиллах орчны бүрдүүлж чадахгүй бол гадаадад олон жил сурч, ажилласан мэдлэг, туршлага үнэгүйднэ.

Дараагийн асуудал нь улсаас шинжлэх ухааны салбарт төсөвлөгдөж буй хөрөнгө оруулалтаа , инновац болгох төслүүд дээр илүү хуваарилж залуучуудыг өөрсдөө багаа бүрдүүлж, удирдаад явах боломж олговол энэ салбарын хурд нэмэгдэж, өсөлт бий болно. Ингэж чадвал шинэ, сайн бүтээлүүд дээр инновац гарч, МОНГОЛ гэсэн БРЭНД бий болж эдийн засгийн өсөлт, үр өгөөж  нэмэгдэнэ. Бид асар их хэмжээний хөрөнгө мөнгийг инновацад зарцуулж тэндээсээ ашиг олж буй дэлхийн чиг хандлагаас хоцорч болохгүй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn