ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН БОЛ “ДУНДАРШГҮЙ БУЛАГ” БИШ
Ж.Тана "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2024.06.06

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН БОЛ “ДУНДАРШГҮЙ БУЛАГ” БИШ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ 

“…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” 

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ийм өөрчлөлт оруулсан. Тэгвэл хуульд заасан “Үндэсний баялгийн сан” гэж юу вэ? Монгол Улсад байх хэрэгтэй юу?

Аливаа улсын төсвөөс гадуурх мөнгөн урсгалыг төвлөрүүлээд, хуримтлуулан арвижуулдаг шийдлийг үндэсний баялгийн сан (ҮБС) гэдэг. ҮБС нь мөнгөн урсгалын эх үүсвэр, хуримтлалын зориулалт, арвижуулах арга барил гэх зэргээс шалтгаалаад хуримтлалын сан, тогтворжуулалтын сан, тэтгэврийн сан, хөгжлийн сан гэх мэт олон төрөл байдаг. Дэлхийн 50 гаруй улс орон ҮБС-тай, түүнээс Норвеги болон Казахстан улсуудын жишээнээс онцлон дурдъя.

Норвеги

Дэлхийн ҮБС-гуудаас хамгийн танигдсан болон хамгийн том бие даасан сан бол Норвегийн засгийн газрын тэтгэврийн глобал сан юм. 1990 оноос Норвеги нь газрын тосныхоо салбараас олсон орлого болон байгалийн хийн олборлолтын татвараас олсон орлогыг энэхүү санд төвлөрүүлж, хуримтлуулан арвижуулсаар 2022 оны эхэн үеийн байдлаар тус сангийн үнэлгээ 1.5 их наяд ам.доллараар хэмжигдэж байна.

Энэ нь Норвегийн эдийн засаг, нийгэмд чухал нөлөө үзүүлж, эдийн засгийг тогтворжуулах, газрын тосны орлогоос хараат байдлыг бууруулах, төрийн олон төрлийн үйлчилгээ, санаачилгыг санхүүжүүлэхэд тусалдаг. 

Казахстан

Бүгд Найрамдах Казахстан Улсын ҮБС Самрук-Қазына нь төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн холдинг компани хэлбэртэй хөгжлийн сан бөгөөд Казахстаны өрсөлдөх чадварыг сайжруулах, урт хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг дэлхийн зах зээлийн таагүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой. Энэ зорилынхоо хүрээнд төрийн урт хугацааны бодлогод нийцсэн эдийн засгийн үр ашигтай төслүүд болон шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлдэг.

Самрук-Казынагийн хөрөнгийн хэмжээг 64 тэрбум ам.доллар гэж тооцдог боловч нийт хөрөнгийн үнэлгээ түүнээс ч өндөр, ойролцоогоор Казахстаны ДНБ-ий 50-80%-тай тэнцэнэ гэж үздэг.

Монгол Улсын хувьд Үндсэн хуульд заасны дагуу эх үүсвэр нь уул уурхай, газрын хэвлийн баялгийн орлого, зориулалт нь одоо ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хамгаалахын төлөө байх ёстой юм. Учир нь газрын хэвлийн баялаг нь нэг өдөр, сар, жилд бий болчихдог биш харин олон мянга, сая жилийн туршид монголын маань газар нутагт бий болсон. Тиймээс үр ашгийг нь зөвхөн олборлолт хийж байгаа цөөн хүмүүс бус, олборлолт хийгдэх үед амьдарч буй үеийнхэн болоод ирээдүй хойч үеийнхэн маань хүртэх ёстой. 

Бид ҮБС-гаа байгуулахдаа мөнгөн урсгалын эх үүсвэр, аривжуулах арга барил, хуримтлалын зориулалтыг урт хугацааны бодлоготойгоо уялдуулж тодорхой болгох хэрэгтэй. Мөн анх санг байгуулсан зорилгынхоо дагуу урт хугацаанд сахилга баттай хандах засаглалыг бий болгож байж уг сан маань үр дүнтэй байж чадна. 

“Үндэсний баялгийн сан нь гурван үйл ажиллагааг зөв удирдах ёстой. Нэгдүгээрт, орлого төвлөрүүлэх, хоёрдугаарт, арвижуулах, гуравдугаарт, арвижуулан зарцуулах. Манай улсад сан гэхээр мөнгө төвлөрүүлээд түүнийгээ шууд зарцуулах гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ нь хамгийн чухал үйл ажиллагаа болох арвижуулах процессыг орхигдуулдаг гэсэн үг. Ингэхээр сан гэдэг бол улсын төсвийн гадуурх зарцуулалт хийх нэг төрлийн “дундарШгүй булаг” л болж хувирна.”

Тиймээс Үндэсний баялгийн санг “дундаршгүй булаг” гэж харахаас илүү төр ч, иргэн ч сахилга баттай, хөгжлийн урт хугацааны бодлоготойгоо уялдуулж, урт хугацаандаа үр өгөөжтэй төсөл, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж, түүнийгээ арвижуулах замаар сангийн мөнгөн эх үүсвэрийг баяжуулах ёстой. Түүнээс биш орлого орж ирэнгүүт хувь хишиг хүртээж, тарааж, зарцуулаад байх юм бол баялгийн сан биш болно. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn