БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АЖИЛ ХЭРЭГЧ ЗАЛУУЧУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Баянгол дүүргийн ажил хэрэгч залуучуудын уулзалт боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Батдорж, Үндэсний статистикийн газрын газрын дарга Ч.Содном нар оролцож, нийгмийн хөгжил дэх залуучуудын оролцооны талаар мэдээлэл өглөө.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа уулзалтад оролцож хэлсэн үгэндээ, “Залуучууд бол улс орны хөгжлийн түүчээ байдаг. Энэ ч утгаар бид залуучуудаа бүх талаар дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, үзэл бодлыг нь сонсох, хүндэтгэх, санал санаачлагыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллах нь чухал” гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан, хэрэгжүүлж буй. Уг хуульд заасны дагуу нийгмийн хөгжилд 15-34 насны залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эрх үүргийг тодотгох, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд өдгөө засаг захиргааны бүх шатанд салбар зөвлөлүүд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Манай улс “залуучуудын орон” гэгддэг. Учир нь 3.4 сая хүн амын 968,524 нь буюу 28 хувийг 15-34 насныхан эзэлдэг. Залуучуудын хөгжлийн индексээр 2018 онд 181 орноос 71-т эрэмбэлэгдэж байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 58-д бичигдэж байна.
Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлөөс 2024 онд монгол залуу хүний мөн чанар, онцлог, нөхцөл байдлын цогц судалгаа хийх, залуучуудын санал, санаачлага, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, оюутны хөдөлмөр эрхлэлт, сайн дурын ажилд оролцохыг дэмжих нөлөөлийн арга хэмжээ зохион байгуулах, гадаадад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллахыг дэмжих “Зөгийн үүр-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn