С.Одонтуяа: Хар тамхины хар ирээдүйгээс хойч үеэ хамгаалъя
2023.10.30

С.Одонтуяа: Хар тамхины хар ирээдүйгээс хойч үеэ хамгаалъя

Сэтгэл түгшээсэн тоонууд хараад хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс гадна төсөв хөрөнгийг зайлшгүй яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байгаа нь тодорхой болсон. 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан тохиолдол ч гарчээ.

Хүүхдүүд мансуурах бодист татагдах, донтох шалтгааны талаар холбогдох албаныхны хийсэн судлагаанаас үзэхэд их төлөв сониуч зангаасаа болсон, хор хөнөөлийнх нь талаар ойлшголтгүйгээс болсон байх ажээ. Цагдаагийн байгууллагад шалгуулсан 10 хүүхэд тутмын 7 нь хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу ял оноодог болохыг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын 4 нь найзуудаа даган дуурайж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж мэдүүлдэг. “Компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй" гэсэн дуудлагаар очиж шалган 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Мансууралд өртсөн хүүхдүүдийн гэр бүлийн байдал, амьдралын нөхцлийг нягталж үзэхэд эцэг эх нь салсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин, бага насандаа дам архидалт дунд өссөн хүүхдүүд дийлэнх нь байдаг гэнэ. Тогтвортой, бүтэн гэр бүлд, хүчирхийллээс ангид, эрүүл хэвийн орчинд өссөн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ тун бага ажиглагджээ.Энэ бүхнээс харахад хар тамхинд донтох нь нийгмийн шинж чанартай үзэгдэл ажээ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц том эрсдэл нь хар тамхины хэрэглээ монгол хүний удмын сан, генд сөрөг нөлөө, гажуудал учруулах аюул юм. Энэ аюул бодитоор илэрсэн жишээ бий. Саяхан нэг эмэгтэй төрөх тасагт хүүхдээ төрүүлжээ.

Гэтэл нярай зогсоо зайгүй уйлаад болихгүй байж. Эх баригч эмч, сувилагч нар шалтгааныг нь олж чадахгүй сандарч байтал туршлагатай эмч ээжид нь хэдэн асуулт тавьснаар эх нь хар тамхи байнга хэрэглэдэг болох нь тодорчээ. Нярай хүүхэд эхийн хүйнээс салаад хар тамхины тэжээлээс салсан учир хэрэглээгээ нэхэж, уйлж байсан нь тогтоогдсон. Мансууруулах бодисын нөлөө урагт хүртэл нөлөөлдгийг энэ тохиолдол харуулж байна.

Мөн 2030 он гэхэд орлогын түвшин бага, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХЭРЭГЛЭГЧ 43 ХУВИАР, ӨСӨХ хандлагатайг мэдээлсэн.
МОНГОЛ УЛС хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 ОНООС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД ИХСЭЖ БУЙ ОРНЫ тоонд орох болсон гэдэг хамгийн түгшүүртэй мэдээ байна. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, хэрэглээ өндөртэй улсуудад тооцогддог бөгөөд нөлөөлөл нь монгол улсад хэдийнээ илэрч буй. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан.

Гэтэл сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол улсад нэвтрүүлэх оролдлогууд ихсэв. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, 4 хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашигласан гэдгээс ямар эрсдэлт нөхцөл үүсээд байгааг ойлгож болох байх. Энэ оны 3 дугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэй гэж тооцогдож байгаа юм.
Метамфетамин (хэрэглээний нэршил нь мөс) зэрэг химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан МАНСУУРАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ТЭЭВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ ИЛТЭД ӨСӨЖ БАЙНА. Химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хямд, хурдан, гүн үйлчилгээтэй учир хэрэглэгчдийг хүчтэй татаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг ажээ. Шинэ төрлийн нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, хэрэглээ ОХУ, БНХАУ-д ихсэж, энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх олноор бүртгэгдсээр байгаа юм. Хөршүүдээс гадна Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улс руу нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна.

Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн ч хууль эрх зүйн зохицуулалт, нийгмийн олонхийн мэдээлэл, ойлголт шаардлагын төвшинд хүрээгүй байгаа байдал ажиглагдаж байгаа тул миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар мэргэжилтнүүдтэй сууж байна.
Энэ асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид та бүхэн саналаа харамгүй илгээхийг хүсч байна.