“BRAIN DRAIN TO BRAIN GAIN”
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах, хилийн чанадаас улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасан. Иймээс Монгол Улсын засгийн газраас хөгжингүй улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ давуу тал, амжилтыг улс орны хөгжлийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх, тэргүүний арга туршлага, ноу-хауг нэвтрүүлэх, гадаадад байгаа иргэддээ түшиглэн улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Гадаад харилцааны яамнаас 2023 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаад улсад амьдарч байгаа бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй иргэд байгааг тогтоосон байна. Энэ судалгааны нэг сэтгэл эмзэглүүлэм дүгнэлт 10 хүн тутмын 8 нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой иргэд байсан байна.
Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-р манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. Тус индексээр манай улсын тархины урсгалын байдал 2019 онд 3.80 хувьтай байсан бол 2023 онд 4.20 болж нэмэгдсэн байна. Зарим судлаачдын их өгөгдөлд хийсэн шинжилгээгээр Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарласан байна.
Тус асуудалд:
- Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдол буюу түгжрэл, агаарын бохирдол,
- Оюуны чадамжийг үнэлэх өндөр цалинтай ажлын байр хомсдол,
- Хүүхдэд зориулсан орчин муу тул гадаад улсыг сонгох болсон гэсэн асуудалд суурилсан дүгнэлтийг гаргажээ.
Энэ мэт улс орны суурь асуудлуудыг хамтад нь шийдвэрлэгдэхгүй бол “Brain drain” индекс улам өсөх, “Brain gain” буюу тархины урсгалаа эргүүлэн татах боломж улам буурах эрсдэл үүсч байна.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, боловсролын салбарын олон эрдэмтэн судлаач, оюутан нар гадаад улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, боловсрол эзэмшихээр явсан. Эдгээр нөөцийг эргүүлэх татах зайлшгүй шаардлага бидэнд үүсэж байна. Тухайлбал, манай улсад агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна. Иймд хилийн чанадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа монголчуудын оюуны урсгалыг эргүүлэн татаж, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгайлсан хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус үндэсний хөтөлбөрийн бодлогын чиглэл нь дараах үйл ажиллагаанд чиглэгдэнэ.
Үүнд:
- Хилийн чанадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа монголчуудын мэдээллийн сан, виртуал платформ хөгжүүлэх, идэвхтэй байнгын үйл ажиллагаатай болгох,
- Гадаад улсад ажиллан амьдарч буй эрдэмтэн, судлаачдыг цахим орчинд мэдлэг туршлагаа хуваалцах, хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, дэмжих,
- Гадаад улсад ажиллан амьдарч буй иргэдэд Монгол улсын ажил олгогч үндэсний компани, түүний ажлын байр, цалин нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх.
- Гадаад улсад академик ажил эрхэлж байгаа эрдэмтэн судлаач, инженер, техникийн ажилтнаар дамжуулах Монгол улсад хэрэгцээтэй тэргүүлэх технологийг нутагшуулах, Монголын шилдэг технологи, шийдлийг олон улсын тавцанд гаргах шинэ гарц бий болгох,
Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Мэдлэг чадвартай хүнээ нөөцөө гадагш урсгалыг зогсоох, дэлхийд тархсан Монгол тархины урсгалаа эргүүлэн татах ажилд дан ганц төр засаг гэлтгүй хувь хүн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хандлага маш чухал юм.