Ж.Ганбаатар: Нүүрсээ биржээр зарж эхэлсэн болохоор хулгайгаас сэргийлж чадна
2024.05.14

Ж.Ганбаатар: Нүүрсээ биржээр зарж эхэлсэн болохоор хулгайгаас сэргийлж чадна

ӨРӨГ нэвтрүүлгийн ээлжит дугаараар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг урьж ярилцлаа.

Хөндөх сэдэв:

  • Ораногийн гэрээ гацсан уу?
  • Энэ жил нүүрс экспортын өндөр тавьсан төлөвлөгөөндөө хүрэх үү?
  • Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход түүхий эдээр хангаж чадах уу?

-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа.

-Урьсанд баярлалаа.

– 2023 оны нүүрсний экспорт 70 сая тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ хэмжээ огцом өсөхөд юу нөлөөлсөн бэ? Энэ оны төлөвлөгөөгөө ч бас өндөр тавьчихсан байгаа. Тээврийн холболт дээр асуудал байгаа юм шиг байсан. Төлөвлөгөөндөө хүрч чадах уу?

-2023 оны нэг сараас дөрвөн сарын хооронд нийт экспортолсон нүүрсний хэмжээ ойролцоогоор 14 сая тонн бол бол 2024 оны нэг сараас дөрвөн сарын байдлаар 18 сая тонн нүүрс экспортолсон байна. Дөрвөн сая тонноор илүү нүүрс экспортолсон гэсэн үг. 2023 оны мөн үед 700 гаруй сая тонн нүүрс биржээр зарагдаж байсан бол одоо бид дөрвөн сая тонн нүүрс биржээр зарж байгаа юм. Бараг таван сая руу ч дөхөж байгаа байх. Энэ нь 4-5 дахин биржийн худалдаа ихэссэнийг харуулж байна.


БИРЖЭЭР НҮҮРСЭЭ ЗАРСНААР МОНГОЛЫН НҮҮРСНИЙ АРИЛЖАА МАШ ОЙЛГОМЖТОЙ БОЛСОН

-Нүүрсний экспорт 70 сая тоннд хүртлээ яаж өсөв?

– 2019 онд л түүхэн дээд хэмжээ буюу 34-35 сая тонн нүүрс экспортолдог байсан. Үүнийг хоёр дахин үржүүлчихсэн байгаа. 2020, 2021, 2022 онд ковидтой байсан тул уначихсан байсан хэрэг. Энэ нь гурав дөрвөн шалтгаантай. Нэгдүгээрт БНХАУ-ын дулааны эрчим хүчний уурхайнууд нүүрсгүй болсон байсан. Мэдээж ган үйлдвэрлэдэг гангын компаниуд бас нүүрсний нөөцгүй болсон. Ковидтой холбоотойгоор маш хатуу хөл хориотой, хил хаалттай байсан учраас нөлөөлсөн. Нүүрс авах гэж байгаа хүмүүс хэн нэгэн даргаар дамждаг ч юм уу, систем нь өөрөө ойлгомжгүй байсан хэрэг. Хэн гэдэг хүнтэй уулзаж нүүрсний гэрээ хийх вэ гэдэг л асуудалтай байсан юм. Таньдаг хүнээр дамжуулах юм уу эсвэл даргаар дамжуулах юм уу гээд ямар ч тоглоомын дүрэм нь ойлгомжгүй. Тиймээс нүүрс авах сонирхолтой аж ахуй нэгжүүд БНХАУ, Вьетнам зэрэг улсын иргэд ирээд юу ч ойлгохгүй буцаад явчихна гэсэн үг. Авдаг хэдэн компаниуд нь л авна. 2023 онд энэ нь их тунгалаг болсон. Тунгалаг гэдэг нь ойлгомжтой, биржийн арилжаа нь соёлоо тогтоосон. Нүүрс худалдаж авах гэж байгаа ямар нэгэн харилцагч хүрч ирээд ойлгомжтой үнэтэй байх нь байна шүү дээ. 180 доллар, 190 доллар, хагас коксжсон нүүрс бол 120 доллар, эрчим хүчний нүүрс 70 доллар гээд. Би үеийн үнийг ярьж байгаа шүү. Биржээр нүүрсээ зарснаар Монголын нүүрсний арилжаа маш ойлгомжтой болсон.

-Бирж дээр одоо ямар үнээр зарагдаж байгаа вэ?

-70 сая тонн руу очсон хамгийн гол шалтгаан нь БНХАУ эрэлт их өндөр байсан гэсэн үг. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлийн үнэ буусан. Ойролцоогоор бол коксжсон нүүрс 190 доллар байгаа. Манай биржийн үнэ 175,180,170 доллар гээд хэдэн оролцогч оролцсоноосоо шалтгаалаад үнэ нь хэлбэлзэж байдаг. Хагас коксжсон нүүрс бол ойролцоогоор 120 доллар, эрчим хүчний нүүрс 60 доллартой байгаа.

-Олборлогдож байгаа, тээвэрлэлтэд гарч байгаа бүх нүүрс биржээр арилжаалагдаж байгаа юу? Эсвэл тодорхой хувь нь уу?

-Зөвхөн төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд заавал биржээр нүүрсээ зарах хуультай. Нийт гаргаж байгаа 70 сая тонн нүүрсний ойролцоогоор 35 сая тонн нь төрийн оролцоотой компаниуд экспортолсон. Үлдсэнийг нь хувийн компаниуд экспортолж байгаа. Нийт экспортын 50 хувь нь энэ жил биржээр зарна. Ноднин бол 30 хувиа зарна гэж байсан.

-Энэ жилийн хувьд тээврийн холболт дээр асуудал байгаа. Төлөвлөгөөндөө хүрч чадах уу?

-Хангалттай хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нүүрс экспортлоод олж байгаа мөнгө маань ноднингийн 70 сая тонн нүүрс зарсантай харьцуулахад арай бага мөнгө олох байх. Учир нь дэлхийн зах зээлийн нүүрсний үнэ бууж байгаа.


ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН 5-10 ХУВИЙГ БИРЖЭЭР ЗАРНА

-Алдагдсан боломж нөхдөг гэдэг шиг биржээр нүүрсээ арилжаалдаг болсноос эхлээд бидний орлого хоёр дахин өссөн. Мөн хулгайг хянадаг боллоо. Харин манай хоёр дахь том экспортын бүтээгдэхүүн бол зэс. Эрдэнэтийн зэсийг бид хэдий хэмжээгээр ямар үнээр арилжаалж, хулгай орохгүй байхыг хянаж байгаа юу?

– Зэсийн хувьд нүүрснээс арай өөр. Яагаад гэвэл бид зэсээ Лондон хотын биржийн үнээр зарж чадаж байгаа ч, тодорхой хэмжээний хасалтуудыг хийдэг. Дэлхийн бүх зэсийн баяжмалуудыг зарахдаа тодорхой хэмжээний хасалтуудыг хийдэг тэр жишгийн дагуу хасалтыг хийж зардаг. Бид ямар зорилт тавьж байна гэхээр тэр хасалтуудыг маш бага хийгээд Лондон хотын биржийн үнээс үнэтэй биржээр зарахыг хүсэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн таваас арван хувийг нь л зарна. Эрдэнэт үйлдвэр маань ойролцоогоор 500-600 мянган тонн зэсийн баяжмал зардаг.

-Үнийн хувьд хяналт тавьж чаддаг гэсэн үг үү?

– Лондонгийн биржийн үнээр зардаг учир нүүстэй адил биш. Эрдэнэт үйлдвэрийн зэс нь 22-23 хувийн зэсийн агууламжтай. Оюу толгой бол таван хувийн тогтворжуулалтын гэрээтэй. Энэ нь бас л харамсалтай зүйл . Цаашдаа бид зэсийг биржээр арилжаалдаг болохыг зорьж байгаа.

– Зэсээ бирж рүү оруулна гэдэг нь зөвхөн Оюу толгойн зэс орно гэсэн үг үү Эрдэнэт үйлдвэрийн зэс ч орно гэсэн үг үү?

-Зөвхөн Эрдэнэтийн зэсийг зарна гэсэн үг.