УИХ-ын сонгуулийн үеэр цагийн зөрүү харгалзахгүйгээр шуурхай ажиллахаа онцлов
2024.04.25

УИХ-ын сонгуулийн үеэр цагийн зөрүү харгалзахгүйгээр шуурхай ажиллахаа онцлов

МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх болон сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээлэл, хаягийг бүртгэж, тархалтыг бууруулах, устгах технологийн талаар МЕТА компанийн төлөөлөгчид сургалтын эхэнд танилцуулсан юм. МЕТА компани сонгуулийн шударга байдлыг хангах зорилготой ажилладаг. Тиймээс хуурамч хаяг, худал мэдээллийг бүртгэж, тодорхой арга хэмжээ авдаг. УИХ-ын сонгуулийн үеэр цагийн зөрүү харгалзахгүйгээр, шуурхай ажиллана гэдгээ Ази Номхон далайн бүсийн хөтөлбөрийн менежер  Кю Кю Тэн сургалтын үеэр онцлов.

Бодит бус мэдээллийг илрүүлэхдээ мэдээлэл нягтлагч гуравдагч байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд хуурамч мэдээллийг шалгаж устгах, тархалтыг хязгаарлах, ташаа мэдээлэл гэдгийг илтгэх шошго тавих зэрэг арга хэмжээ авдаг аж. Монгол Улсын тухайд Засгийн газар болон төрийн байгууллагаас хараат бус үйл ажиллагаа явуулдаг “Монголын баримт шалгах төв (Mongolian Fact Checking Center-MFCC)”-тэй хамтран ажилладаг талаар мэдээллээ. Түүнчлэн МЕТА компани Монгол Улс болон бусад улсад төлөөлөгчийн газар ажиллуулдаггүй, хараат бусаар ажилладаг гэдгээ тодотгосон юм.

Өөрийнхөө хаягаар, үнэн бодит мэдээллийг түгээх нь сурталчилгааны хамгийн зөв хэлбэр бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдгийг зөвлөлөө. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд МЕТА компанийн платформуудыг ашиглах боломжийн талаар мэдээлэл өгөв. Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулсан уг сургалтад МЕТА компанийн Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Кю Кю Тэн, Хуурамч мэдээллийн бодлого хариуцсан менежер Алис Будисатрио, Мэдээллийн үнэн зөв байдал, стратегийн түншлэлийн хөгжил хариуцсан ажилтан Никол Хан, Түншлэлийн сүлжээ, Төв Азийн орнуудын бодлого хариуцсан менежер Аврора Ли нар мэдээлэл хийж, улс төрийн намуудын 70 гаруй гишүүн, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар шүүхийн хараат бус байдлын талаар улсын төрийн намуудын төлөөлөлд мэдээлэл хийв.