МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа
2024.04.25

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд бид өнгөрсөн онд анх удаа 600 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.доллар олж, аялахад таатай улс орны нэг болсон. 2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлал үсрэнгүй хөгжих жил байх болно. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд МИАТ ТӨХК-ийн менежмент сайжирч нэг жилийн дотор алсын зайн нислэгийн хоёр дахь онгоцоо хүлээн авч байна. 2023 оны байдлаар манай улсаас 42 улсын 155 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдсэн. 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна. Агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд иргэний нисэхийн салбарт олон улсын нислэгийн давтамж, зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн. Олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурсан гэдгийг онцоллоо. Мөн агаарын тээврийн либералчлалын хүрээнд Ховд, Мөрөн, Чойбалсан нисэх буудлуудыг 4C, Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгож, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.