“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г хүлээн авлаа
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, хүлээлгэн өглөө.
ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Зээлийн хэлэлцээр баталснаар энэ онд холбогдох худалдан авалтыг зохион байгуулж, 2025 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эдийн засгийн гүйцэтгэл дэх санхүүгийн чадвар дээшилснээр дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолжээ. Үүнд:
-5600 тогтвортой ажлын байр шинээр бий болно. Цаашдаа тус парк нь Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжинө.
-ЖДҮ-ийг сурталчлах, орон нутгийн бизнес, үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
-Эмээлт ЭАҮП-ийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, арьс ширний экспортын хэмжээ нэмэгдэнэ.
-Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагааг явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Мөн Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугч, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болно гэдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.