Ж.Батсуурь: Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болсон
2024.03.24

Ж.Батсуурь: Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болсон

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын газар албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлсэн” гэлээ.

Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэнгээр ахлуулсан мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөллүүд улс орны өнцөг булан бүрээс олон мянган гишүүд, дэмжигчдээсээ авсан саналыг нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг 2024.03.24-ний өдөр Үндэсний Аудитын газар албан ёсоор хүлээлгэн өглөө.