ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ТЭЗҮ-Г УБ ХОТ ХҮЛЭЭН АВЛАА
2024.03.21

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ТЭЗҮ-Г УБ ХОТ ХҮЛЭЭН АВЛАА

2023 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улаанбаатар - Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консерциум, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК /UBDC/ гурван талт санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консерциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм.

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" консерциум 210 сая воны санхүүжилт хийхээр харилцан тохиролцож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр талууд гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа Лаг боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг бүрэн дуусгаж, Улаанбаатар хотын удирдлагад гардуулан өглөө.

ТЭЗҮ хүлээн авах арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц. Төрхүү, миний бие, ажлын хэсгийн гишүүн Н.Баярчимэг /Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх/, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК Ulaanbaatar Development Corporation /UBDC / болон Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газрын инженер, техникийн ажилтнууд, мөн ТЭЗҮ боловсруулах багийнхан маань байлцлаа.

Өнгөрөгч оны 11 дүгээр сард ТЭЗҮ боловсруулах баг ажлын явц, дундын тайлангаа Улаанбаатар хотод хүрэлцэн ирж танилцуулах үеэр лаг хатаах болон шатаах хосолсон ажлыг хамтад нь хийх зүйтэй саналыг тусган, ТЭЗҮ-г боловсруулсан байна. Хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах юм, мөн шатаасны дараа гарч ирэх үнс нь цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ.

Тодруулбал, хоногт 2500 тонн цэвэр бохир ус хүлээн авч цэвэрлэн, 200 тонн лаг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна. Уг үйлдвэр олон улсын жишгээр медиум буюу дундаж хэмжээнд тооцогдоно. Үйлдвэрийг барьж байгуулах төслийн хөрөнгө оруулалтад нийт 71 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай юм.

Төслийн ажлын даалгаврыг анхлан өгөхдөө байгаль орчинд ээлтэй, Евро стандарттай, ногоон технологи бүхий ТЭЗҮ боловсруулах хүсэлт тавьсан, үүний дагуу ямар нэг хаягдалгүй, байгаль орчинд ээлтэй төсөл бий болж буйд Нийслэлийн Засаг даргын өмнөөс талархал илэрхийллээ. Нийслэлчүүд бидэнд нэн хэрэгтэй байгаа энэхүү үйлдвэрээ яаралтай барьж байгуулах ажил бидэнд үлдээд байна. Иймд, хамтран ажиллах, дэмжих олон улсын байгууллага, төслүүдэд ойрын хугацаанд хандах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан