“Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлэг болов
2024.03.13

“Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран өнөөдөр (2024.03.13) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын дээрх тогтоолуудын хэрэгжилтийг Засгийн газар цаг хугацаандаа тайлагнах ёстой. Харин өнөөдөр бид дээрх тогтоолуудын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсож, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн саналыг сонсох гэж байна. Ардчилалтай холбоотой олон улсын голлох индексүүд дээр манай үзүүлэлт ямар байгаа нь шууд утгаараа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой байдаг. Тиймээс холбогдох арга хэмжээг дор бүрнээ шуурхай авч хэрэгжүүлж, сайжруулж байх нь монгол хүний эрх, эрх чөлөөг хангахад чухал ач холбогдолтой” хэмээгээд хэлэлцүүлгийн зорилго, дэгийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл танилцууллаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл нь КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээ гэсэн 6 бүлэгтэй бөгөөд энэ хүрээнд Улсын Их Хурлаас холбогдох тогтоолыг баталсан болохыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга товч танилцуулав. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан баталсан Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөн юм. Энэхүү тогтоолоор 6 бүлгийн хүрээнд 17 заалтаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд 3 заалт бүрэн хэрэгжсэн бол тогтоолын 1б, 2а, б, в, 3а, 4а зэрэг нийт 10 заалт хэрэгжиж байна, харин 2 заалтын хэрэгжилт хангалтгүй, 2 заалт огт хэрэгжээгүй хэмээн Д.Сүнжид дарга илтгэлдээ дурдсан. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн. Улмаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгаснаар хүүхдийг эрхийг хамгаалахад чиглэсэн насыг 8 болгосон, стандартыг сайжруулсан, даатгалд хамруулдаг болсон тэргүүтэй олон ахиц дэвшил, үр дүн гарсан гэв.

Цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах ахиц дэвшил, үр дүн гарсан болохыг Д.Сүнжид дарга илтгэлдээ танилцуулав. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг тусгаж, хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй талаарх зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй байгааг дүгнэсэн. Улсын Их Хурал холбогдох тогтоолдоо “цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих” заалтыг оруулснаар цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах хэд хэдэн үр дүн, ахиц гараад байгаа гэв. Тухайлбал, зэвсэгт хүчний нэгтгэл анги салбарын цэргийн албаны үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг дүрмүүдэд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтуудыг тусгасан байна.

Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, түүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Тус илтгэлд Халдашгүй чөлөөтэй байх эрх, Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Хүүхдийн эрхийн зарим асуудал, Ахмад настны эрхийн хэрэгжилт, Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт, Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгайлан тусгасан бөгөөд Улсын Их Хурал тус илтгэлийг хэлэлцээд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар тогтоолоороо 5 бүлгийн хүрээнд 20 заалтаар үүрэг, чиглэл өгсөн байдаг аж. Эдгээрээс 6 заалтыг бүрэн хэрэгжсэн хэмээн дүгнэсэн бол 1 заалтыг хэрэгжих шатанд, 5 заалтыг урт хугацаандаа хэрэгжүүлэх боломжтой учраас хэрэгжих шатандаа байгаа, 7 заалтын хэрэгжилт хангалтгүй, 1 заалт огт хэрэгжээгүй гэдэг дүгнэлт гарсан болохыг Д.Сүнжид дарга илтгэлийнхээ үеэр танилцуулсан.

Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолын 1а, б, в, г, д болон 2в заалтыг хэрэгжсэн хэмээн дүгнэсэн бол 5б заалтыг хэрэгжих шатандаа байгаа хэмээжээ. Улсын Их Хурлын дээрх тогтоол дахь “Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар”-х 1 дүгээр бүлгийн хүрээнд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл болон шүүхийн хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Түүнчлэн Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал бүлгийн хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, ижил үнэлэмжтэй ажилд адил цалин хөлс олгох зарчмыг баримтлах, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жил бүрд тооцож, нэмэгдэл олгох зэрэг арга хэмжээ авах зэрэг саналыг Улсын Их Хуралд хүргүүлжээ. Энэ хүрээнд инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг илтгэлд дурдсан.

Хэлэлцүүлэг Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын илтгэлүүдээр үргэлжиллээ. Дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцуулсан.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлүүдийн сэдэв өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын бүтцийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэдгийг энэ ташрамд тэрбээр тэмдэглэв. Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр тогтоолын ажлын байран дахь бэлгийн болон бусад хэлбэрийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох; цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих; гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийг хангах; сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудалтай холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрх зүйн орныг боловсронгуй болгох хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар танилцуулав. Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг танилцууллаа. Түүнчлэн дээрх Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус яамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Н.Пүрэвдорж, Монгол Улсын Шадар сайдын танилцуулгыг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн албаны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг болон холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүдээс хариулт авсан юм. Үүгээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх хэлэлцүүлэг өндөрлөлөө.