Багш, сурагчидтай нээлттэй ярилцаж, үйл ажиллагаатай нь танилцлаа
2024.03.12

Багш, сурагчидтай нээлттэй ярилцаж, үйл ажиллагаатай нь танилцлаа

Миний нэр дээр Орхон аймгийн Авьяас билэг сургалтын төвийн Л.Энхсайхан багшаас нэгэн албан хүсэлт ирсэн. Онцгой комиссын ажлаар Хөвсгөл, Булган аймагт ажиллаад буцах замдаа тус төвөөр орж багш, хүүхдүүдтэй уулзлаа.

Хүнлэг энэрэнгүй хүнийг төлөвшүүлж, сэтгэл зүрхний боловсролыг хүүхэд бүрд суулгах нь манай өнөөдрийн нийгмийг, ирээдүйгээ зөв болгох хамгийн сайн шийдэл. Энэхүү боловсролыг урлагаар дамжуулж олгох маш том боломж бидэнд бий. Хүүхэд бүр дуучин, бүжигчин, хөгжимчин, зураач болох албагүй. Гэхдээ урлагт дуртай, урлагийн ойлгодог хүн бол арай л илүү энэрэнгүй, ухаалаг, уужуу байж чаддаг гэж боддог.

Урлагийн гэгээн орчныг хүүхдүүддээ 10 жилийн турш бүрдүүлж, сэтгэл зүрхний боловсролыг хөгжүүлэн ажиллаж байгаа Л.Энхсайхан багшаараа үнэхээр их бахархлаа. Авьяас билэг төв дуу, бүжиг, уран уншлага, төгөлдөр хуурын чиглэлээр сургалт явуулахын зэрэгцээ СУИС-д суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудыг 2009 оноос бэлддэг болжээ. Дээрх чиглэлээр ганцаарчилсан сургалт ч явуулдаг юм байна.

Багш нарын хүүхдүүдээ гэсэн хандлага, харилцаа, хүүхдүүд багшаа хүндэтгэсэн уур амьсгалыг энэ төвд цөөн хором саатахдаа мэдэрсэн. Авьяаслаг дүү нарынхаа тоглолтын хэсгээс ч үзэж сонирхлоо. Энэ 3 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Авьяас билэг сургалтын төвийн 10 жилийн ойн тоглолт болно. Энэ үеэр заавал ирээрэй гээд урилга өгсөн. Аль болох ирж оролцохыг бодно.

Ийм нэг хүүхдийн төлөө сэтгэлтэй, ирээдүйг нь гэрэлтүүлсэн олон арван төвүүд байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Авьяас билэг сургалтын төвийн нийт багш нар, авьяаслаг хүүхдүүддээ урлагийн их амжилтыг ерөөж, сэтгэл зүрхний боловсрол, гоо зүйн мэдрэмж улам дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.