СДМЭХ-ны Бага хурлын II хуралдаан боллоо
2024.01.31

СДМЭХ-ны Бага хурлын II хуралдаан боллоо

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Бага хурлын II дугаар хуралдаа боллоо. Хуралдаан цахим хэлбэрээр явагдаж, 21 аймаг, нийслэлийн салбар хорооны 200 орчим баг хурлын гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд СДМЭХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Х.Булгантуяа эмэгтэйчүүдийн тэгш эрх, шийдвэр гаргах түвшин тэр дундаа УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Сайн засаглалыг бий болгоход эмэгтэйчүүд та бүхний оролцоо, үүрэг чухал” хэмээн тодотголоо.


Цахимаар хийгдсэн хуралдаанд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар оролцож Монгол Ардын Намаас жендэрийн тэгш эрхийн асуудлаар хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцууллаа.Мөн энэ үеэр СДМЭХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга М.Мандхай тус холбооноос 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг танилцуулсан юм.

2024 онд Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо үүсэн байгуулагдсан түүхт 30 жилийн ой болно. Үүнтэй уялдуулан СДМЭХ-ны дэд Ерөнхийлөгч, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа 30 жилийн ойг угтан хийгдэж байгаа ажил, зорилтыг танилцуулсан юм.

СДМЭХ-ноос нийслэл, зүүн болон говийн бүсийн, төв, баруун бүсийн чуулганыг 2023 онд зохион байгуулсан бөгөөд энэхүү бүсийн чуулганд 21 аймаг, нийслэлийн 2000 гаруй эмэгтэйчүүд оролцож санал бодлоо илэрхийлж “Уриалга”, “Зөвлөмж” гаргасан билээ.

СДМЭХ нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоотой, 96 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашиг, жендерийн тэгш эрхийг дээдэлсэн Социал Демократ үзэл баримтлалтай нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Цахимаар явагдсан СДМЭХ-ны Бага хурлын II хуралдааны үеэр тус холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнд Б.Сүнжидмаа, С.Эрдэнэтуул нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд цахим санал хураалт явуулж олонхын саналаар дэмжлээ. 2024 онд СДМЭХ-ны 30 жилийн ой болно. Энэхүү ойг энэ оны 10 дугаар сард тэмдэглэхээр боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан