Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
2023.12.28

Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 их наяд төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг 115.1 мянган иргэнд олгожээ. Зээлд хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр сая төгрөгөөс дээш буюу дунджаас дээгүүр орлоготой иргэд эзэлж байна. Энэ нь бага, дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэсэн үг.

Тиймээс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн бодлогыг өрх, гэр бүлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид зориулж татварын таатай орчныг бий болгох, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, төслийн хүрээнд газар чөлөөлсөн иргэдийг түр болон байнгасуурьшуулах төрийн орон сууцны тоог тогтмол нэмэгдүүлэх, нэн ядуу, бага орлоготой болон бусад зорилтот бүлгийн иргэдэд тохирсон халамжийн,түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага үүссэн. Энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулж байгуулахаар тогтоолд тусгасан байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn