“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо
2023.12.20

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.12.19) зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны орон тооны болон орон тооны бус есөн гишүүнд үнэмлэх гардуулж, Ёс зүйн хорооны хуралдааныг явуулснаас гадна үндсэн сэдвээр илтгэлүүдийг танилцуулсан юм.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос ТАЗ-ийн дэргэдэх Ёс зүйн хорооны ажиллах дүрэм, орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам, холбогдох тогтоолуудыг баталснаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг орон тооны бус дөрвөн гишүүнийг сонгон шалгаруулж, үүрэгт ажилд нь томилсон билээ.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлэхдээ, Монгол Улсын нийт 230 000 гаруй төрийн албан хаагчийн ёс зүйг сахиулах, аливаа ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох үүрэг бүхий Ёс зүйн хорооны гишүүдийг сонгохдоо өндөр ур чадвар, төлөвшил хандлагыг харгалзаж, олон үе шат бүхий шалгаруулалтаар томилсон гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн, өнөөгийн нийгэмд ёс зүйн доройтол, ёс суртахууны дутагдлаас улбаалсан хэрэг, зөрчил, бугшмал асуудлууд даамжирч байгааг дурдаад Ёс зүйн хорооны гишүүд идэвх, зүтгэл, сахилга, хариуцлагаараа манлайлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах учиртайг тэмдэглэн хэлэв. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын нэр бүхий гишүүд, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, Шинжлэх Ухааны Академи, болон шашин, соёлын байгууллагуудын төлөөлөл бүхийн ажлын хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажиллана гэдгийг тодотгоод, Ёс зүйн хорооны хувьд ойрын үед Засгийн газрын болон бүх шатны төрийн байгууллагуудын дэргэдэх дэд хороодын журмыг батлах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн аливаа улс орны хөгжлийн суурь нь хувь хүний хөгжлөөс эхтэй хэмээгээд төрийн албаны цогц шинэтгэл нь өндөр ёс суртахуун, мэдлэг чадвартай боловсон хүчний нөөцөөс эхлэх ёстой гэв.

Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Б.Баатарзориг энэ удаагийн сургалт нь Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдаж буйг тодотгоод, хуулийн концепц нь ёс зүйтэй төрийн албан хаагчийн давуу талуудыг онцлохын зэрэгцээ нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдыг хамгаалахад чиглэж буйг тодотгов. Сургалт хэлэлцүүлгийн үеэр “Ёс зүй-төрийн өндөр албан тушаалтны жишээн дээр”, “Орчин үеийн төрийн албан хаагчийн онцлог”, “Дипломат алба ба Ёс зүй” сэдвүүдээр илтгэл танилцуулсны дараа Ёс зүйн хорооны гишүүд хуралдсан юм.

Хуралдаанаар Ёс зүйн хорооны Ажлын албаны бүтэц, үйл ажиллагааны дүрмийн төслийг хэлэлцэж, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын төсөлд санал авав. Өнөөдрийн сургалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан нар болон Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүд оролцлоо.