2023.11.28
Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ
Татварын цогц шинэчлэлийн эхлэлийг иргэд, ААН-үүдээс ирсэн саналд үндэслэн хийснээр бодитой үр дүнд хүрнэ гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдлээ. Энэ хүрээнд эхний ээлжинд ААН-үүдэд хүндрэл учруулж байгаа хуулиас давсан дүрэм, журам, стандартуудыг цэгцэлж шийдэхээр ажиллаж байна.
Мөн дотоодын үйлдвэрлэгчдээ татварын зөв бодлого, хөшүүргээр дэмжих нь ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ гэдгийг өнөөдөр “Баялаг тахиа” ХХК-ийн үйлдвэртэй танилцах үеэрээ онцлов. ААН-үүдийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, татварын шинэчлэлд саналыг нь тусгах зорилгоор УИХ-аас дотоодын үйлдвэрүүдэд ажиллаж байна.Сард 240 мянган тахиа үржүүлэх хүчин чадалтай иж бүрэн автомат үйлдвэр дотоодын тахианы махны зах зээлийн 10 хүртэл хувийг хангах боломжтой бөгөөд 150 тогтмол ажлын байр шинээр бий болгосон гэж “Баялаг тахиа” ХХК-ийн удирдлагууд танилцуулав. Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тооцоо судалгаа, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлж дотоодын тахианы махны хэрэглээний 50 хувийг хангах боломжтой гэсэн тооцоог танилцуулав.
Түүнчлэн татварын орчин дахь шударга бус байдлыг арилгах, үйлдвэрлэгчдэд ирж байгаа НӨАТ, татварын ачаалал, дарамтыг бууруулах шаардлагатай байгааг “Баялаг тахиа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ангар хэлж байлаа.Тэрээр, НӨАТ-ын шударга бус тогтолцоо, импортын хэт бага тариф баялаг бүтээгчдийг туйлдуулж буй тул бодитой шийдвэр богино хугацаанд гаргах хэрэгтэй байгааг уламжлав. Мөн иргэдээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал гарч, УИХ ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь далд эдийн засгийг илчлэх, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх зэргээр эерэг өөрчлөлтийн эхлэл болж чадна гэж үзэж байгаагаа уулзалтын үеэр тодотголоо.Иргэдээ дотоодын үйлдвэрийн чанар стандарт хангасан, эрүүл аюулгүй хүнсээр хангахад төрийн татварын зөв бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ, Засгийн газар татварын цогц шинэчлэл хийхээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон.
Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, ААН-үүдээс санал авах уулзалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Ажлын хэсэг цуврал уулзалтуудыг салбар тус бүрээр хийнэ
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn