2023.11.23
Ш.Адьшаа: Арилжааны банк мөнгө хүүлээд ард түмнийг мөлжиж байна, Монголбанк үүнд анхаарахгүй юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Мөнгөний бодлогын тухай асуудлыг хэлэлцэж байна, би 4 жилийн хугацаанд нэг л асуулт асуудаг. Монгол Улс бол уул уурхайн олон арван тэрбум төгрөгний бүтээгдэхүүн экспортлодог тухай мэдээг авч ийм олон сая, тэрбум долларын эскпорт хийсэн тухай ярьдаг гэтэл улсын банк санхүүгийн байгууллагаар энэ оюутолгой бусад томоохон уул уурхайн компаниуд гадаадад гаргаж байгаа алт, зэс бусад бүтээгдэхүүний үнэ ханш монголын банкаар орж ирдэггүй, оруулж ирэхийг хүсдэггүй юм уу, оруулж ирэх боломж байдаггүй юм уу гэдэг талаар тодорхой хариулт өгдөггүй юм.
Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар оруулж ирэх гэхээр монголын банкинд итгэдэггүй гэдэг тэгэхээр гадаадын банк оруулж ирэх талаар ярьдаг, гадаадын банк оруулж ирэхээр монгол улсын банк санхүүгийн байгууллагыг хувьдаа эзэмшдэг, улс төрд нөлөө бүхий хэдхэн арилжааны банкны барьцаанд монголын төр орсон байдаг тэд нар юу гэдэг вэ гэхээр үндэсний аюулгүй байдалд хор нөлөөтэй байна, гадны банкыг оруулж ирэхээр монгол улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учрах гээд байна гэдэг ганцхан хариулттай тэрийг нь төрийн эрх барих дээд байгууллага ярьж шийддэггүй тэгээд банкны хүү буурдаггүй, монголын валютын эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүнийг банк, санхүүгийн байгууллагаар дамжиж оруулах асуудлыг арилжааны банкны лоббигоор оруулж ирдэггүй гэж ойлгож байгаа энэ асуудлыг яах юм бэ?
Ажлын хэсэг, Монгол банк энэ дээр тодорхой хариулт өгмөөр байна. Үнэхээр бид төгрөгийн ханшаа баръя, валютын эх үүсвэрээ нэмэгдүүлье монголын банк, санхүүгээр дамжуулж гадаадад гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүнийхээ мөнгийг авъя гэж бодож байвал энд монголын төр шийдвэр гаргах ёстой. Бид өнөөдөр хэдхэн арилжааны банкны барьцаанд орчихсон тэд нар нь мөнгө хүүлээд ард түмнийг мөлжиж л байдаг монголын банк, санхүүгийн байгууллага эрүүл бус байж л байдаг олон арван сая тооны алт, зэс зарлаа гэдэг тэр мөнгө нь орж ирдэггүй энэ дээр төрийн эрх барих дээд байгууллага, мөнгөний бодлого явуулдаг монгол банк яагаад энэ дээр шийдвэр гаргадаггүй юм бэ?
Түүний асуултад, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам нар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn