БООМТЫН АЛБА ХААГЧИД МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын эдийн засгийг эргэлтэд оруулах суурь дэд бүтэц бол боомт. Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого”-ын алсын харааг тэргүүлэх боомтын алба хаагчид, төлөөлөгчид мэдлэгээ дээшлүүлж байна.
Тодруулбал Хилийн боомтын захиргаанаас Арга зүйн нэгдсэн сургалтыг өнөөдөр зохион байгуулж эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад Хилийн боомтын захиргааны алба хаагчид болон Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгуудын Хилийн боомтын захиргааны дарга, төлөөлөгчид оролцож байна.
Арга зүйн нэгдсэн сургалтыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б. Тулга нээж үг хэлэхдээ, Монгол Улсын үүд болох боомтын өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад хувь нэмрээ оруулж буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд Боомтын сэргэлтийг чухалчилсан. Уг зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах, “Транзит улс” болох, аялал жуулчлал, чөлөөт бүсийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Дээрх бодлогын хүрээнд нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Үүнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, терминалууд байгуулах төслүүд багтсан. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлт сайжрах юм. Улмаар чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар тээвэр, логистикийн өрсөлдөх чадвар дээшлэхээс гадна эдийн засгийг тэлэх томоохон хөшүүрэг болно. Энэхүү Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй хүмүүс бол та бүхэн юм. Тиймээс энэхүү хариуцлагатай ажлыг гүйцэтгэхэд боомтын алба хаагчид, төлөөлөгчид онцгой ач холбогдол өгч ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна" хэмээн онцлов.
Сургалтаар Хилийн боомтын стратеги, Хилийн боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, Хилийн зохицуулалттай менежментийн тухай ойлголт, Хуурай боомт, Боомтын хөрөнгө оруулалт, эдийн засгийн ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.