Б.Тулга: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл “Боомтын сэргэлт"
2023.10.16

Б.Тулга: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл “Боомтын сэргэлт"

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Монгол Улсын боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажил болон цаашдын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газар улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хөгжлийu хязгаарлаж буй 6 багц асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “шинэ сэргэлтийн бодлого” алсын харааг хэрэгжүүлж байна.  

“Шинэ эргэлтийн бодлого”-ын гол хурдасгуур зорилтын нэг бол боомтын сэргэлт юм.

Монгол Улс нийт 39 боомт байгаагаас ердийн үед 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын 6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна.  

Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт  олон улсын нислэг хүлээж аваагүй, боомтын статусаар ажиллаж эхлээгүй байгаа.

Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт  үйл ажиллагаа нь хэвийн явуулж байна.

Үнэндээ боомт нэмэгдэх тусам Монгол Улсын орлогын үүд бодитоор өснө. Тэр утгаараа ажиллагаагүй байгаа боомтуудаа хэвийн ажиллах горим руу шилжүүлэхэд Боомтын сэргэлтийн үндэсний хороо онцгойлон анхаарч байна. Тодруулбал боомтын хөгжлийг улсын хөгжилтэй уяж байж Монгол Улс урагшилах юм.

Боомтын сэргэлт гэж юу вэ?

Боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргана.

Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.

Эдгээр зорилтууд биелэж байж боомтын сэргэлт бүрэн утгаараа хийгдэх билээ.

Монгол улс нь урд хилээрээ БНХАУ-тай 4709 км, хойд хилээрээ ОХУ-тай 3543 км-ээр хиллэдэг, далайд гарцгүй, өргөн уудам тал нутагтай орон. Гэвч манай улсын эдийн засаг ердөө 4 боомт дээр төвлөрч, Энэ нь бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, үнийн өсөлт, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Нийт 6 багц боомтын сэргэлтийн төсөл хөтөлбөрүүд батлагдсан байна. Үүнд төмөр замыг холбох, төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, терминалуудыг байгуулах төслүүд багтана.

Эдгээр төслүүдээс хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлт сайжран, аялал жуулчлалын салбарыг дэмжинэ. Мөн эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн цаашид “Транзит улс” болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм. Цаашид боомтын нэвтрүүлэх чадал 3 дахин нэмэгдэж, Үндэсний төмөр замын сүлжээ 2 дахин нэмэгдэнэ. Боомтыг холбосон 2,966 км авто зам баригдана.

Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт өрнөж байна

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомт дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж буй. Мөн Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажлыг гүйцэтгэж буй аж.

Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажил ид өрнөж буй юм.

Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулсан бөгөөд ачаа тээврийн терминал энэ сард ашиглалтад орох аж. Харин Гашуунсухайт хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажлын гүйцэтгэл 23 хувьтай явж буй бөгөөд энэ нь цар тахал болон үерийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бага зэрэг хойшилжж, ирэх 2024 он гэхэд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.

Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хилийн авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар болон авто замын Боршоо боомтын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж буй аж.

Засгийн газраас Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн 124 км, Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 124.5 км зам барихаар ажиллаж буй юм байна.