Монгол Улсын далайд гарах гол гарц нь Тяньжин боомт
2023.06.28

Монгол Улсын далайд гарах гол гарц нь Тяньжин боомт

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод бодит нөлөө үзүүлж Монгол Улсын боомтын гарцыг шинээр нэмж бий болгох Тяньжин хот дахь “Монгол, Хятадын тээвэр логистикийн төв” төсөлтэй танилцлаа.

Монгол Улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааны 80 гаруй хувь нь Бохай тэнгисийн эрэг Тяньжин боомтоос тээвэрлэгддэг. Тяньжин боомт нь ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 8-д эрэмбэлэгддэг ба Монгол улс руу жилдээ 75000 чингэлэг ачаа тээвэрлэгддэг байна. Уг боомт нь үндсэн 8 хэсгээс бүрдэх бөгөөд терминал, гаалийн баталгаат бүс, аялал жуулчлалын бүсийг нэгтгэсэн эко бүс нь Дунзян боомт юм.

Дунзяны баталгаат боомтын бүсэд 50 жилийн хугацаатай 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах тухай шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2009 онд гаргасан. Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхтэйгээр оролцуулахаар зааж “Тяньжин порт групп”-тэй хамтран уг төслийг хэрэгжүүлэх байсан ч харамсалтай нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төсөл хэрэгжихгүйгээр удааширч зогсонги байдалд оржээ.

Уулзалтын үр дүнд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд “Тяньжин порт групп”-ийн удирдлагууд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд бидний зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч хоёр талын хамтарсан ажлын хэсгийг яаралтай хуралдуулан төслийн ажлыг эрчимжүүлэхээ илэрхийллээ.

Уг нь төсөл амжилттай хэрэгжсэнээр:

  • Монголд үйлвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг 3 дагч улс руу тээвэрлэх, борлуулах болон Монгол улсын бусад улс орнуудтай байгуулсан гаалийн болон бусад татваруудын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх маш том боломж бүрдэнэ
  • Нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хийх, хадгалах, борлуулах
  • Мах махан бүтээгдэхүүн бэлтгэх, савлах, боловсруулах, тээвэрлэх, борлуулах
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах
  • Барилгын машин механизмын болон автомашины хил дамжуулах худалдаа эрхлэх зэрэг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.
  • Үүгээр зогсохгүй дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэнэ.