2023.09.11

Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулах нь түүхэн ач холбогдолтой

Нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.Нийслэлийн хүн амын эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчны доройтол, дэд бүтцийн даац хэтрэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал ихсэж, хүн амын хэт төвлөрөл үүсгэж байна.

Иймд дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг Шинэ Хархорум хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьж, Их хурлаар батлуулсан.

Энэхүү Улсын Их Хурлын тогтоол батлагдсан нь Их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь бурхны шашны бэлэг тэмдэг болсон Эрдэнэзуу, Төвхөн, Шанхын хүрээ зэрэг олон хот суурин газруудыг байгуулж байсан түүхтэй Орхон голын сав газар, Орхоны хөндийг сонгож хүн амын суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Шинэ Хархорум” хотыг байгуулах түүхэн ач холбогдолтой.

 

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж иржээ. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулжээ.

Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021 онд хэрэгжүүлсэн “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн тайланд “Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг Хангайн бүсийн тулгуур төв Харин хот эсхүл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах” саналыг дэвшүүлсэн юм.

 

Дээрх тогтоолд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, “Шинэ Хархорум” хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг тусгасан.

Дэд бүтэц, төлөвлөлт, инженер техникийн асуудал, дулаан, шугам, барилга байгууламж гээд олон улсын жишгээр шинэ хот байгуулахад хамгийн багадаа 15 жил, ихдээ 20 жил гэж шаардагддаг. Энэ жишгээр 

ЭНЭ ЖИШГЭЭР 2043 ОН ГЭХЭД ШИНЭ “ХАРХОРУМ” ХОТ СҮНДЭРЛЭХ АЖ

Одоогоор шинэ хот байгуулах ажлын хэсгийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж ажиллаж буй. Тэрээр  БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн захирагч Ли Сан Рэ нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д шинэ хот байгуулахад хамтран ажиллахаар болсон юм.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

"Үндэсний хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд: "Шинэ Хархорум" хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэх эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөө (2023- 2025 он)-г боловсруулж батлав. Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны инситутээр гүйцэтгүүлж, хүлээн авсан.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байна. “Шинэ Хархорум” хотыг нийслэл хот болон бусад хот, суурин газартай холбох авто зам, төмөр зам, нисэх буудлыг байгуулах урьдчилсан судалгааг, “Шинэ Хархорум” хотын цахилгаан хангамжийн судалгаа, төлөвлөлтийн хувилбарыг хийж, эхний байдлаар трасс, болон байршлыг тогтоов. Цаашид нарийвчилсан техник-эдийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг үе шаттайгаар хийх юм" 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn