2023.09.07
М.Говьсайхан: УБ хотод хууль зөрчин тарвага оруулж буй нь иргэдийн амь насанд санаатай заналхийлж байна гэсэн үг
Хөдөө орон нутгаас зорчин ирж буй иргэд нэг тарвагыг 100 мянган төгрөгөөр зарж борлуулж, ашиг олох зорилгоор Улаанбаатар хотруу нууцаар оруулах оролдлого нэмэгдсээр байна.
Мөн тарвагыг худалдан авч идэж байгаа иргэд байсаар байгаа нь тарваган тахлаас үүдэн өөрийн амь насаа алдах цаашлаад гэр бүлийн гишүүдийг өндөр эрсдэлд оруулж болохыг ойлгохгүй байгаатай холбоотой.
Тарвага худалдан авч байгаа иргэд өлссөндөө биш ухамсар, хариуцлага муутайн шинж юм. Тарваган тахлаас үүдэн нийтийн эрүүл мэндэд короновирусаас дутахгүй том хохирол аюул учирч болохын зэрэгцээ улс орны хувьд эдийн засгийн томоохон хохирол учруулах эрсдэлтэй.
Ялангуяа жуулчдын урсгал хөвөрч буй дулааны улиралд олон улсад Монгол Улсын нийслэл хот тарваган тахалд өртсөн гэх мэдээ гарвал жуулчдын урсгал татрах цаашлаад хөрш зэргэлдээ улс хилийн хориг тавих болон боомтоо хаах, экспортын бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалт хийх гээд тоочоод баршгүй олон хор хохирлыг дагуулах эрсдэлтэй юм.
ЗӨВЛӨМЖ:
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгнө үү.