Хотын дарга цаашид хийх ажлаа Улаанбаатараас сонгогдсон гишүүдэд танилцуулав
2023.08.22

Хотын дарга цаашид хийх ажлаа Улаанбаатараас сонгогдсон гишүүдэд танилцуулав

Нийслэлээс сонгогдсон гишүүд бид Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотоо амьдрах таатай орчин бүхий хот болгох тухайд анхаарч УИХ-д Нийслэлийн хөгжлийг дэмжих Түр хороо байгуулан ажиллаж байгаа билээ.

Бидний хийсэн нэг ажил бол Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх зорилго бүхий Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд УИХ-аар батлуулсан явдал юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ажил авснаасаа хойших 1000 хоногт юу хийснээ болон цаашид хийх ажлаа Улаанбаатараас сонгогдсон гишүүдэд танилцууллаа.

2040 онд хотын хүн ам 2.6 саяд хүрнэ. 2040 он хүртэл хотыг хүртээмжтэй жигд байдлаар орчин үеийн хот болгоход нийт 141.7 их наяд төгрөг буюу 40.3 тэрбумын санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай байна. Гэтэл өдгөө нийслэлийн төсвийн орлогын 92 хувь нь татварын орлогоос бүрдэж байна.

Татвараа нэмж нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх, эсвэл торгуулиа нэмж нийслэлийн төсвийг бүрдүүлэх ядмаг эх үүсвэрээр цаашид явахад хүнд учраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу үнэт цаас гаргах ажлыг хийх юм байна.

Мөн нийслэлд хэрэгжүүлэх Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрүүдийг Сумьяабазар дарга танилцуулсан. Тухайлбал, Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үүднээс гэр хорооллын бүсэд 52 сургууль нэмж байгуулах шаардлагатайг дурдлаа.

Улаанбаатар хотод 313.479 сурагч хүчин чадал нь хэтэрсэн 169 Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Эдгээр сургуулиуд хотын төвд төвлөрсөн байгаа нь түгжрэлийн нэг том шалтгаан болж байгаа юм.

Учир нь гэр хорооллын бүсээс 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж суралцаж байна.