Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ
2023.08.25

Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлаар Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэр нь дөрвөн усны сав газарт хуваагддаг. 2021 оны усны бүртгэлээр 367 усны сан бүхий газар бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт 29 гол, дөрвөн нуур, 44 булаг хамрагдаж байна. НИТХ-ын 2016 оны тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн, усны сан бүхий газарт хамаарах 15 гол, горхинд онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон. Энэхүү тогтоолоор Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсийг 436.1 га, энгийн хамгаалалтын бүсийг 1034 га-аар тогтоосон юм.

Сэлбэ, Дунд гол нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хорооллын болон барилгажсан суурьшлын бүс дундуур урсаж, Туул голд цутгадаг. Сүүлийн үед үер усны нөхцөл байдал үүсэж буй тул үерийн эрсдэлтэй газруудыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Иймээс Сэлбэ-Дунд голын дагуу нийт 50.6 км урттай, 534 га талбайг Орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар холбогдох байгууллагуудаас санал авч, зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтооно

Мөн Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс гарсан саналаа танилцууллаа.

2018 онд Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, 100 метрийн хамгаалалтын бүс буюу Ойн сан бүхий газар, Ой тэлэн ургах нөөц газрын хил заагийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Дээрх төлөвлөгөөгөөр тогтоосон хил нь хээрийн судалгаа тодруулалт хийгдээгүй, ойтой газрыг ойн санд хамааруулаагүй, ой модгүй газрыг ойн санд зурагласан зэрэг асуудлууд байгаа тул уг хилийг дахин тогтоох шаардлагатай байгаа юм.

Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Ойн сангийн хилийн цэсийн ой тэлэн ургах газарт 19,374 нэгж талбар, ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар, нийт 37,007 нэгж талбар байна. Үүнээс 4015 нэгж талбар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй. Иймд дээрх нэгж талбаруудын газрын эрхийг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгө болон 37,007 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа юм.

Мөн цаашид хууль, тогтоомжид нийцүүлэн “Хот суурин газрын ой” гэсэн ангиллыг бий болгох, газрын төлбөр, татвар, үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоох, ногоон бүсийн хил заагийг газар дээр нь нарийвчлан үзэж, хээрийн судалгааны түвшинд үндэслэлтэй боловсруулан батлуулах шаардлага тулгарч байна.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтоож, ойн менежментийн төлөвлөгөө, Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Хурлаар мөн иргэнд өмчлүүлсэн газрын татварын ногдуулалтыг хийх цахим системийн хөгжүүлэлтийн ажлыг танилцуулсан. 2003 оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрт 208,731 иргэнд 11,107 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.

74 сургууль, 110 цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг хангуулав

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэхэд хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.

Иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/242 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар дөрвөн бүлгийн 126 арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулсан юм. Энэ хүрээнд холбогдох судалгаануудыг хийсэн нь үр дүнтэй байжээ. Мөн 383 байршилд 751 барилга барьж байгаагаас 197 аж ахуйн нэгжийн барилгын орчинд аюулгүй байдлыг хангуулжээ. Түүнчлэн 74 сургууль, 110 цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг хангуулсан байна. Хотын стандарт мөрдүүлэх хүрээнд 72 арга хэмжээ төлөвлөж, 185 байгууллагад стандартын шаардлага хангуулсан. Хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 132 байршилд аюулгүй байдлыг хангуулан, 98 талбайд стандартын шаардлага хангуулжээ. Мөн 878 байршилд аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Захирамжийн хүрээнд судалгааны ажил 75, сургалт нь 48 хувьтай байгаа бол стандарт мөрдүүлэх нь 40, хяналт шалгалтын ажил тус бүр 40 хувьтай байна.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламны самбар, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлж ажиллах зэрэг үүргийг холбогдох албаныханд даалгав.