Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байна
2023.07.05

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2023.07.04/  өдрийн хуралдаан боллоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 92 тайлан нэгтгэснээс 77 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гарган 15 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 70 байгууллагын санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй”, зургаан байгууллагын санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, нэг байгууллагын санхүүгийн тайланд “Сөрөг” дүгнэлт өгсөн гэв.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 64 тайлан нэгтгэснээс 60 байгууллагад дүгнэлт гаргаж, дөрвөн байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 48 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 10 байгууллагад “Хязгаарлалттай”, хоёр байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг танилцуулав. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байгааг танилцуулгад дурдсан.

Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл аван зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл нэмэгдэж байна. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй зөрчсөн хэвээр байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг онцлон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хийв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтлоо.