2023.06.09

Д.Батлут: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргуулах шаардлагагүй бүх хүүхдэд өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргуулах шаардлагагүй бүх хүүхдэд өгөх хэрэгтэй

Сүүлийн 33 жилийн хугацаанд анх удаагаа төсөвт 1,8 ихнаяд төгрөгийн тодотгол хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө гээд нийгмийн халамжийн чиглэлийн асуудалд анхаарч шийдэл гаргаж буйд талархалтай байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд болохгүй байсан зүйлийг засаж залруулсны үр дүн юм. Засгийн газар, уул уурхайн салбарынхан сайн ажилласны үр дүн юм. Дийлэнх эдийн засаг уул уурхайн салбараас үүдэлтэй. Энэ үр дүнгээ цаашид хадгалж, сайн ажиллах ёстой, үүнд засаглалын тогтвортой байдал хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Засаглал тогтвортой, бодлого тогтвортой хэрэгжиж чадвал илүү их боломж нээгдэж, үр дүн гарна.

Иймд хөгжилд тушаа болж байгаа олон асуудал шийдэгдэж буйд иргэд талархалтай хандаж байгаа. Өнөөдөр мэдээлэл их чухал. Өнгөрсөн хугацаанд нэг талаас иргэдэд мэдээлэл бага хүрдэг байдал өнөөдрийн зарим нэг алдаа гарахад нөлөөлсөн. Хүүхдийн мөнгө олгох асуудал дээр хүссэн, хүсэлт гаргасан иргэнд мөнгө өгөх талаар мэдээлж байна. Уг нь ингэмээргүй байна. Өргөдөл гаргасан иргэн мөнгөө авах гээд байна, гэтэл мэдээ мэдээллээс хол олон хүн бий. Хүүхдийн мөнгө өгнө гэсэн бол хүндрэлгүй бүх хүүхдүүддээ өгчих хэрэгтэй. Иргэд 100 хувь хүүхдийн мөнгөө өгөх хэрэгтэй гэж асуудал гаргана шүү.

Түүний асуултад ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn