2023.05.29

Аж үйлдвэржилтийн үндэсний хороо үйлдвэрлэгч улс болох шилжилтийг эхлүүлэхийн төлөө ажиллана

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий “Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-г Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард байгуулж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар ахлан ажиллаж байгаа.

Тус хороо анхны хуралдаанаар Үндэсний хорооны ажиллах дүрмийг баталж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг хэлэлцэн хорооны дэргэд 4 дэд хороо /нүүрс гүн боловсруулах, зэс, хар төмөрлөг, хөнгөн аж үйлдвэр/-той байхаар тогтсон. Үндэсний хорооны гол зорилго нь аж үйлдвэржилтийн салбарт эхний ээлжид бодитоор хэрэгжихүйц төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх юм.

Энэ хүрээнд  “Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн”-ийг 5 сарын 26-ны өдөр  зохион байгуулж, тал бүрийн төлөөлөлтэй хэлэлцүүлгүүд хийж, хорооны цаашдын барьж ажиллах ажлын чиглэл, дээрх төслүүд дэх боломж-сорилт, тулгамдсан асуудлын шийдлийг гаргахаар ажиллалаа.

Тухайлбал зэсээ цэвэршүүлж нэмүү өртөг шингээн экспортлох, зэсийн агууламж дахь алт, молибден зэрэг металуудаа ялгах, төмрийн хүдрийг боловсруулж ган бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангах, нүүрсийг гүн боловсруулах төслүүд нэн тэргүүнд шийдлээ хүлээж байна. Манай улс аж үйлдвэрийн арвин нөөц боломжтой хэрнээ дотоодын үйлдвэрлэл хангалтгүй, импортоос хэт хамааралтай явж ирсэн гажуудлыг засах, үйлдвэрлэгч улс болох шилжилтийг эхлүүлэхийн төлөө Үндэсний хороо зорьж ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn