Чэжү хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2023.05.23

Чэжү хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Чэжү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улаанбаатар хотын талаар танилцуулж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр “Бид БНСУ-ын олон хоттой найрсаг харилцаатай байдаг. Чэжү арлыг аялал жуулчлалын бүс гэдгээр монголчууд илүү сайн мэднэ. Нийслэл хот жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр танай оронтой хамтран ажиллах хүсэлтэй байна. Манай улс хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай. Тиймээс энэ чиглэлээр болон бусад салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна” гэлээ.

Чэжү хотын Хөдөө аж ахуй, эдийн засгийн зөвлөлийн гишүүн Кан Сон И “Чэжү аралд 700 мянган хүн амьдардаг бөгөөд жилд 15 сая жуулчин хүлээн авдаг. Манай арал нэн таатай уур амьсгалтай. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч буюу салхи, нарны эрчим хүч ашиглан үйлдвэрлэл явуулж байна. Энэ дундаа далайн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жүржийг олон сортоор ангилан ургуулж байна. Монгол Улс, БНСУ нь хоорондоо ойрхон төдийгүй найрсаг харилцаатай. Цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажилласнаар олон эерэг өөрчлөлт, үр дүн гарна гэдэгт итгэж байна” гэсэн юм. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Д.Ихбаяр, Л.Отгонбаатар нар мөн байлцлаа.