2023.05.04
Х.Болорчулуун: Боловсролын ерөнхий хууль нь хүүхдийг хүн болгон төлөвшүүлэхэд чиглэгдэх ёстой!
УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байна. Гэхдээ энэ хууль дээр журмаар зохицуулж болох олон зүйл заалтыг оруулсан байна. Үүнийг ажлын явцад хасна хэмээн найдаж байна. Боловсрол гэдэг нь зөвхөн гадаад хэл, математик, физик биш. Гагцхүү зөвхөн нэмэлт боловсрол. Тус хуульд хүүхдийг хүн болоход төлөвших талын зүйл заалтыг оруулах саналтай байна. Гадаад улс орон ч энэ тал дээр түлхүү анхаардаг шүү дээ. Аливаа хүүхдэд бага балчраас нь элэн эх орон, ан амьтдыг хайрлах төлөвшлийг олгох нь хамгийн чухал боловсрол.
Түүнээс биш хүүхдийг хар багаас эхлэн тоогоор шахах нь нэн тэргүүний зорилт баймгүй байна. Англи хэл заах асуудал дээр багаас нь бус тухайлсан хөтөлбөрийн дагуу л явах хэрэгтэй.
Та бүхний сайн мэдэх Билгүүн номч Б.Ринчен гуай,
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтмуу би" хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.