Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намууд бохир мөнгөнөөс ангид байх ёстой
2023.04.25

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намууд бохир мөнгөнөөс ангид байх ёстой

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал олон жил яригдсан. Их олон жилийн дараа салхи оруулахаар болж, хуулийн төсөл парламентын босго давж орж ирлээ. Үндсэндээ парламентын олонх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Таны хувьд хуулийн төслийн талаар ямар бодолтой байна вэ, хэр чамбай хууль орж ирсэн гэж бодож байна?

-Сүүлийн гурван парламент дамнан Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж оролдсон. Ингээд 2020 онд УИХ-аар эхний хэлэлцүүлгээр нь Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан. Ер нь, Монголын улс төрийн сүүлийн 30 жилийн түүхээс харахад хамгийн бага шинэчлэгдсэн салбар бол улс төрийн салбар байдаг. Тэр дундаа улс төрийн намын санхүүжилтийн асуудал байгаа юм. Монгол Улсын авлигын өнөөгийн байдал, улс төр бизнесийн хамаарал, улс төр дэх бохир мөнгөний нөлөөг харахаар улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой байна.

Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох зөвлөмж ч байдаг, иргэд олон нийтийн шахалт шаардлага ч байдаг. Улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө ямар хүчтэй байгаа билээ. Намууд компани, олигархуудын нөлөөнд орсон байна. Зарим нам нь компанийн шинжтэй ч байна. Тиймээс энэ УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн том реформ хийж, намын санхүүжилтийг шинэчилж чадах юм бол Монголын ардчилал, хөгжлийн бодлогод их том хувь нэмэр оруулах юм.

Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намууд бодлогын нам болж төлөвших, дотоод ардчилалтай байх, санхүүжилт нь ил тод, хариуцлагатай байх чиглэлд өөрчлөлт орсон. Олон нийтийн хувьд Монгол Улс их олон намтай байна. Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд 36 нас бүртгэлтэй байна. Гэтэл намууд хариуцлагагүй, иргэдийн итгэлийг даадаггүй гэх шүүмжлэл бий. Тиймээс намуудыг олон нийтийн иргэлийг даасан, нийгэмдээ хариуцлага хүлээдэг байх өөрчлөлтийг хийж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, намууд тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэнэ.

-Жишээ нь?

-Гишүүд, дэмжигчдийнхээ боловсролыг дээшлүүлэх, иргэдэд ардчилал хүний эрхийн талаар мэдээллийг түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээнэ. Дээр нь, намууд бохир мөнгөнөөс хол байна. Нэг үгээр хэлбэл, бизнес эрхлэгчдээс ангид байна. Хөрөнгө мөнгөтэй цөөхөн хэдэн хүнээс ангид байна. Нам улс төрийн санхүүжилт, бүх орлого зарлагаа ил тод байлгана.

-Хэрэв улс төрийн нам, эвсэл санхүүжилтээ ил тод мэдээлэхгүй бол ямар хариуцлага хүлээлгэхээр заасан бэ?

-Улс төрийн намууд санхүүжилтээ ил тод мэдээлж чадахгүй бол тодорхой хэмжээнд хариуцлага хүлээнэ. Тухайлбал, 1990 онд байгуулагдсан нам байлаа гэхэд өнгөрсөн хугацаанд хурлаа хийгээгүй, дарга нь солигдоогүй нэг хүний нам болчихсон, тэнд ямар ч гишүүдийн дуу хоолой байхгүй байна. Эсвэл цөөн хэдэн хүний эрх ашгийг төлөөлсөн, сонгуулийн үеэр л хөдөлгөөнд ордог, нам эсвэл компанийн нэр дээр мөнгө аваад сонгуульд өрсөлддөг байж болохгүй.

Харин эсрэгээрээ намууд нийгмийн олон төлөөллийн бүлгийг хангах ёстой. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуус, ахмад гэх мэт. Эдгээрийг заавал хангасан байх шаардлагатай. Гишүүдэд үйл ажиллагаагаа тайлагнана, олон нийтэд ч тайлагнадаг байх үүргийг хүлээлгэж байна. Нам, эвсэл цаг зуурын шинжтэй, популимз бодлого явуулдаг. Сонгуульд ялах гэж бэлэн мөнгө амладаг. Үүнийг зогсоохын тулд намууд бодлогын нам болох ёстой. Намууд дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнтэй.

Тэндээсээ бодлого гаргадаг, түүгээрээ сонгуульд өрсөлддөг болно. Ард иргэд ч олны танил хүний популизмийг биш яг бодлогыг сонгодог эрх зүйн орчныг төлөвшүүлэхийн тулд бодлогын намыг бий болгох юм. Хэрэв нам сонгуульд оролцож, тодорхой хэмжээний дэмжлэг авсан тохиолдолд намд олгож байгаа төсвийн санхүүжилтийн зарцуулалтыг нь нарийн тусгаж, зааж өгч байна. Тухайлбал, санхүүжилтийн 15 хувиас доошгүй нь бодлогын судалгаанд зарцуулах ёстой. Ингэж байж популист буюу зөвхөн сонгуульд зориулсан цаг зуурын шинжтэй бодлогоос татгалзах юм. Улс орны хөгжлийн бодлоготой илүү уялдах нь байна. Хамгийн гол өөрчлөлт нь ерөөсөө л санхүүжилт нь ил тод байх юм.

-Хувийн компани, хувь хүний хандивыг хязгаарлаж байгаа юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ, хязгаарлаж байгаа. Өнгөрсөн практикаа харахаар их олон нам нэр дэвшиж байгаа хүнээсээ дэнчингийн мөнгө гэж авдаг, нэхдэг. Энэ тохиолдолд хүссэн, хүсээгүй мөнгөтэй хүн, эсвэл том компанийн төлөөлөл нэр дэвшдэг, орж ирдэг. Ингэхээр улс төр, бизнес нь маш хатуу хамааралтай болчихсон байна. Тэр бизнес эрхлэгчид нь эргээд сонгуульд оролцсон мөнгөө олохын тулд төрийн бодлогод лобби үзүүлдэг, хууль эрх зүйг ч компаниудад ашигтай байдлаар боловсруулж баталж ирсэн байна. Тэгвэл энэ байдлыг одоо таслан зогсоох ёстой. Үүнийг шийдэхийн тулд улс төрийн намын санхүүжилтийн реформ голлоно гэж харж байна.

-Нөгөө талдаа сонгогчдын боловсрол муу байна гэх шүүмжлэл байдаг. Сонгогчид боловсрол нимгэн, мэдээлэл дутмагаас болж тухайн нэр дэвшигч, намын мөрийн хөтөлбөрийг хардаггүй гагцхүү мөнгө өгсөн нэр дэвшигчийг дугуйлах тохиолдол их байдаг шүү дээ?

-Энэ бол чухал сэдэв. Манай улс шинэхэн ардчилалтай. 30 жил гэдэг бол урт хугацаа биш. Бид ард иргэд, сонгогчдод хувь хүнийг биш яагаад бодлого сонгох ёстойг нь, сонгуульд оролцох нь ямар чухал вэ гэдгийг байнга төрийн дэмжлэгтэйгээр соён гэгээрүүлж, мэдээлэл түгээж явах ёстой. Өнгөрсөн хугацаанд үүнийг хангалттай сайн хийж чадаагүй. Уг нь, олон улсын жишгээр Сонгуулийн төв байгууллага нь сонгогчдын боловсролд анхаарах ёстой юм.

Гэтэл өнгөрсөн найман удаагийн УИХ-ын сонгуулийг харахад Сонгуулийн ерөнхий хороо сонгууль л зохион байгуулах үүрэгтэй явж ирсэн. Сонгогчдын боловсролд анхаарч ирээгүй. Энэ талын төсөв, мөнгө нь ч бага байж. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг дагалдуулж Сонгуулийн төв байгууллагын хуулийг өргөн барина. Энэ хуульд сонгуулийн төв байгууллага нь улс төрөөс хараат байхаас гадна сонгогчдынхоо боловсролд анхаарсан үүрэг заалтыг тусгаж өгнө.

-УИХ-ын сонгуульд хоёр дараалж ороогүй улс төрийн нам, эвслийг идэвхгүйд тооцож, татан буулгах хүртэлх арга хэмжээ авах заалт тусгагдсан байна билээ?

-Иргэдийн хамгийн их хүсэж байгаа нь намуудад хариуцлага тооцохыг шаардаж байна. Хүн ам цөөн байж олон намтай байна гэдэг шүүмжлэл бий. Гэтэл улс төрийн нам гэдэг нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэг том баталгаа байдаг. Энэ ч утгаараа намуудыг шууд хүчээр татан буулгаж, тоог нь цөөлж болохгүй. Улс төрийн намуудын гол зорилго нь төрийн түвшинд хүрсэн бодлого гаргаж өрсөлдөх, иргэдэд бодлого хөтөлбөрөө сурталчилж, сонгуульд оролцох шүү дээ.

Хэрэв улс төрийн намын гол үүргээ биелүүлээгүй, нэр төдий байгаа тохиолдолд тодорхой хэмжээний шаардлагыг тавина. Үүний нэг нь тухайн нам хоёр удаа дараалж сонгуульд оролцоогүй, эсвэл санхүүгийн тайлангаа ирүүлээгүй бол намыг идэвхгүйд тооцно. Энэ хугацаанд нам нь алдаагаа засч санхүүгийн тайлангаа өгч, сонгуульд оролцсон тохиолдолд намын статус нь сэргэнэ. Харин алдаагаа засахгүй бол намын татан буулгах заалт орж ирж байгаа юм. Нам, эвсэл нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаагийн нэг хэлбэр нь энэ юм.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал дээр УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмж 152 болгох асуудал яригдаж байна. Парламентад суудалтай улс төрийн хоёр том нам дэмжихээ илэрхийлсэн ч зарим гишүүд болон иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжиж байгаа юу?

-Засгийн газраас санал авч байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх буюу парламентын чадамжийг хангах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх асуудал хөндөгдөж байсан. Тухайн үед эрдэмтдийн зүгээс бүгд тоог нэмэх нь зүйтэй гэж хэд, хэдэн үндэслэл дэвшүүлж байсан юм. Нэгдүгээрт, Монгол Улсын хүн ам, газар нутгийн онцлог байна.

Хоёр том гүрний дунд оршдог жижиг улсын хувьд аюулгүй байдлын дархлаагаа нэмэгдүүлэх, парламент нь иргэдээ төлөөлсөн хүчтэй байх нь маш чухал. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоог нэмэх нь аюулгүй байдлын хувьд өндөр ач холбогдолтой байна. Хоёрдугаарт, жижиг улсын жижиг парламент гэдэг бол гаднын ямар нэгэн нөлөөнд автах эрсдэл байна. Энэ эрсдлийг багасгахын тулд тоог нэмэх шаардлагатай. Гуравт, парламент хүн амаа төлөөлж байх ёстой. Дээр нь газар нутгаа төлөөлж байх хэрэгтэй.

-Гэхдээ парламент хүн амын төлөөллөө тэгш хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй шүү дээ?

-Тийм ээ, УИХ хүн амын төлөөллөө тэгш хангах ёстой. Өнгөрсөн найман удаагийн УИХ-ын сонгуулийн долоо нь мажоритараар явж ирсэн. Өөрөөр хэлбэл, газар нутгийн төлөөллийг парламент хангалттай сайн хангаж ирсэн. Харин хүн амынхаа төлөөллийг огт хангаж чадаагүй. Хүн амын төлөөллийг хэрхэн хангах ёстой гэхээр тухайн улсын сонгогч хаана амьдарч байгаагаас үл хамаарч өөрийг нь төлөөлсөн тэгш тооны төлөөлөлтэй байх ёстой юм. Тэгж байж тэр иргэний дуу хоолой төрийн бодлогод хангагдана.

Би бол Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Би 100 мянган сонгогчийг төлөөлж байна. Хөдөө, орон нутгаас сонгогдсон гишүүд дунджаар 40-50 мянган сонгогчийг төлөөлж байх жишээтэй. Энэ бол тэгш бус байдал юм. Тэгэхээр бид болж л өгвөл хүн амын төлөөллийг тэгш хангасан УИХ-тай байх ёстой. Үүний тулд пропорционал элементийг оруулж ирэх ёстой.

Парламентын гишүүдийн тэн хагас нь газар нутгийнхаа төлөөлөл болж мажоритараар орж ирэх ёстой. Үлдсэн тэн хэсэг нь хүн амынхаа төлөөлөл болж пропорционалаар орж ирдэг байх шаардалгатай юм. Үүний тулд сонгуулийн холимог систем байх нь зөв. Дээр нь болж өгвөл гишүүдийнхээ тоог нэмэх шаардлагатай байгаа юм. Хүн амынхаа тоотой харьцуулсан ч тэр, парламентын нэг гишүүнд ногдох эрх мэдлийг төвлөрлийг харсан ч тэр гишүүдийн тоог нэмэх ёстой. Энэ ч утгаараа дэмжиж байгаа гэж ойлгож болно. 

-Яг 152 гэх тоо хэр бодитой юм. Түүнээс их, эсвэл бага байж ч болно биз дээ?

-Ер нь, УИХ-ын гишүүдийн тоо 120-оос дээш байх хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүнийг 108 болгох асуудал их яригдсан, бэлэгдэл тоо гэдэг утгаараа. Гэтэл бэлгэдэл тоо байх юм уу, бодитой тоо байх ёстой юм уу гэдэг нь чухал шүү дээ. Аюулгүй байдал, дархлаагаа бодсон ч тоо нэмэх нь зөв юм.

-УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан. Одоо дөрвөн хуулийн этгээд, 80 яллагдагчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна. Энэ асуудал дээр та ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөх үү?

-Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны гишүүнээр ажиллалаа. Иргэдийн нүднээс далд, парламентын хяналтаас гадуур Монгол Улсын асар их мөнгө эргэлдсэн байна. Ер нь, өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк 7.5 их наяд төгрөгийн зээл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Гэтэл эдгээрийн ихэнх нь зориулалтын бусаар, эсвэл авсан зээлээ дарсан, бэлэн мөнгөний зарлага гарч казино тоглосон зэрэг зөрчил илэрсэн. Тийм их мөнгийг хяналтгүй зарцуулж байгаа бол парламентын хяналт, ард түмний хяналт хүчтэй байх хэрэгтэй.

Хөгжлийн банкны Түр хороо анх удаагаа Монгол Улсад нотлох баримтыг шинэчлэн батлах сонсгол хийлээ. Хянан шалгах Түр хорооны сонсгол хэн нэгнийг шүүхгүй. Хөгжлийн банкны шүүх хурал энэ өдрүүдэд болж байна. Хянан шалгах түр хороо гурван чиглэлээр зөвлөмж гаргасан. Энэ дээр холбогдох байгууллага ажиллаад явна. Ер нь, бол Хөгжлийн банк байх нь зөв байгаа юм.

Тэртээ тэргүй Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Эдийн засгийн хямрал, төсвийн хязгаарлагдмал байдал ямар байгаа билээ дээ. Одоо байгаа Хөгжлийн банкны засаглал, менежментийг сайжруулах нь хамгийн зөв алхам. Өмнө нь гаргасан зээлүүдийг харахаар дандаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд зээл авсан байдаг. Тиймээс Хөгжлийн банкны улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй. Дараа дараагийн зээл авсан нөхөд өмнөх энэ алдааг давтахгүй байх гэж найдаж байна.