Эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд мониторинг хийнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2023 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг “Нийгмийн эрүүл мэндийн Дэлхийн долоо хоног” болгон зарласантай холбогдуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг төр засаг, холбогдох байгууллага, олон нийтийн анхааралд хүргэх ёстой гэдэг уриалга гаргасан.
Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Стратеги судалгааны хүрээлэн хамтарч “Эрүүл мэндийг хүний эрх болгох нь” зөвлөлдөх уулзалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтад ХЭҮК-ын дарга Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадорж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ц.Оюунбаатар, Хоол судлалын үндэсний шинжээч М.Оюунбилэг, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Уулзалтыг нээж Комиссын дарга Ж.Хунан "ХЭҮК-т эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй холбоотой иргэдээс ирүүлэх гомдлын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хүрээнд дараах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна.
Үүнд: эрүүл мэндийн салбар дахь мэдээлэл, бүртгэлийн тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн салбар дахь санхүүжилтийн тогтолцоог боловсронгүй болгох, үйлчилгээний чанар, хүрэлцээ, хүртээмжийг нэмэгдүүлэх.
Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөц, цалин хөлс, хангамжийн асуудалд шинэчлэл хийх, хүний эрхийн боловсрол, мэдлэг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбар дахь хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Мөн ХЭҮК-оос ирэх 2024 онд эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд мониторинг хийхээр төлөвлөж байгаа талаар” гэлээ.
Харин Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадорж “Хүний эрүүл мэндийн хамгаалах ажил бол зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил биш. Тиймдээ ч эрүүл мэндийн салбар дахь үйлчилгээг илүү боловсронгуй болгох, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувь хүний боловсрол, хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг дурдав.
“Эрүүл мэндийг хүний эрх болгох нь” зөвлөлдөх уулзалтад ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид “Эрүүл мэнд Хүний эрхийн асуудал болох нь” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, оношилгоо, эмчилгээнд хамрагдах идэвх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 50 хувиар бага байна. Эрүүл мэндийн анхан шатны байгууллагад 2000 орчим эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоо бий. Дэлхийн бусад улс орнууд улсын төсвийн 12-оос доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг. Гэтэл Монгол Улсад энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай байна.
Тус салбарт хүний нөөцийн дутагдал үүссэн шалтгаан нь дараах хүчин зүйл нөлөөлж байна гэж Комисс дүгнэсэн. Үүнд, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал их, байгууллагын удирдлагын томилгоо тогтворгүй, хөдөлмөрийн дотоод журам зааварчилагаа сул, ажлын орчин, нөхцөл тааруу, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт байдаг зэрэг нөлөөлж байна” гэлээ.