Иргэд тайван жагсаал цуглаан хийхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатай
2023.03.28

Иргэд тайван жагсаал цуглаан хийхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатай

Монголын Эмнести Интернэшнл ТББ-аас “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, дэлхийн 155 улсыг хамарсан Эмнести Интернэшнлийн тайланг танилцууллаа . Тус хэлэлцүүлэгт төрийн болон ТББ-ын төлөөлөгчид, хуульч, судлаач, их дээд сургуулийн багш, оюутнууд, Монгол дахь дипломат төлөөлөгчийн газрууд, МЭИ-ийн гишүүд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Энэ удаагийн тайланд Африк, Америк, Ази-Номхон далай, Европ болон Төв ази, Ойрх Дорнод ба Африкийн гэсэн 5 бүс нутгийн дараах асуудалд дүн шинжилгээ хийсэн аж. Үүнд: Нүүн шилжигчдийн эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зөрчил, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө, жендирт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, нийгэм, эдийн засгийн эрх, Олон улсын хүний эрхийн механизм гэсэн асуудал багтсан байна.

АФРИКИЙН БҮС НУТАГТ: ОХУ, Украйны дайны асуудлаас үүдэн тус оронд улаанбуудай тасалдахад хүрч, шатахууны үнийн өсөлт нь хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлж, нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж ард иргэдийн амьдралд хүнд тусаж буйг онцолжээ. Түүнчлэн хууль бус халдлага, аллага, үнэнийг мэдэх, орон байраар хангагдах, хуран цуглах, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх болон бусад эрх зөрчигдөж байгаа талаар тайланд дурджээ. Засгийн газрууд хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, идэвхтнүүдийг хүчирхийлэх, айлган сүрдүүлэх явдлыг эцэс болгож хэвлэл мэдээллийг эрх чөлөөг хүндэтгэх шаардлагатай гэж үзжээ.

АМЕРИКИЙН БҮС НУТАГТ: Ковид-19 цар тахлаас хойших гурван жилийн хугацаанд тус бүс нутгийн улс орнууд түүний хортой үр дагаврыг амссан хэвээрээ байна. Эрх баригчид сая сая хүний хоол хүнс, ус, эрүүл мэнд зэрэг үндсэн эрх хэрэгжих баталгааг хангаж чадахгүй байгаагаас гадна эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг нухчин дарах тактикаа эрх баригчид хэрэглэж байна. Мөн бэлгийн болон нөхөн үржихүй эрх зөрчигдөж, уугуул иргэд, хар арьст хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, ял шийтгэлгүй үлдэх ба хариуцлагын тогтолцооны хангалтгүй бадал байсаар байгааг энэхүү илтгэлд тусгажээ.

АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ: Хүний эрхийн бага боловч найдвар төрүүлэхүйц дэвшил гарлаа. Пакистанд эрүү шүүлтийг гэмт хэрэгт тооцох шинэ хууль батлагдсан бол Папуа Шинэ Гвинейд цаазаар авах ялыг халжээ. Гэвч Мьянмар дахь хурцадсан зэвсэгт мөргөлдөөний хор уршгийг энгийн иргэд амсаж, цаазаар авах ялыг дахин сэргээсэн нь томоохон ухралт боллоо.

ЕВРОП БОЛОН ТӨВ АЗИЙН БҮС НУТАГ: Энэ бүс нутгийн хувьд Орос улсаас Украйн улсад цэргийн довтолгоо хийсэн, дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, дэлхийн 2 дугаар дайнаас хойш Европт хамгийн том дүрвэгсдийн хөдөлгөөнийг өдөөсөн жил гэдгээрээ түүхэнд бичигдлээ. Мөн Европын холбооны гадаад хилийн бодлого, практикт арьс үндсээр ялгаварлан гадуурхах үзэл амь бөхтэй байгааг харууллаа.

ОЙРХ ДОРНОД БА ХОЙД АФРИКИЙН БҮС НУТАГ: Зэвсэгт мөргөлдөөн тус бүс нутгийн олон сая иргэдийн амьдралыг сүйрүүлсээр байна. Энгийн иргэдийг албадан нүүлгэх, хариуцлага хүлээдэггүй цэрэг, зэвсэгт бүлэглэлийн асуудлуудаас гадна Засгийн газрууд нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг дарангуйлсан хэвээрээ байгааг дээрх тайланд онцолжээ.

Түүнчлэн дэлхийн 155 улсыг хамарсан Эмнести Интернэшнлийн тайланд "Дэлхий даяар Засгийн газрууд эсэргүүцлээ илэрхийлэх эрхийг хязгаарласан шинэ хууль санаачилж, жагсаал цуглааны үеэр интернэт сүлжээг хязгаарлаж, жагсагчдыг онилсон биометрик тандалт явуулах зэргээр жагсахыг улам хэцүү болгож байгааг дурдсан байна.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж Хунан:

Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 22 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлэхэд бэлэн болж байна. Манай улсын хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх энэ асуудалд эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа энэ талаар хүний эрхийн илтгэлд тусгасан.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа:

Дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь эрх чөлөөт орон зайд амьдарч байгаа юм. Манай улсын иргэдийн хувьд том зургаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй орон зайд амьдарч байна. Гэхдээ энэ нь тайван хуран чуулах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд асуудал байхгүй гэсэн үг биш.Ялангуяа шүүмжлэлтэй дуу хоолой илэрхийлж буй үйл явцыг намжаахад чиглэсэн төрөл бүрийн шууд болон шууд бус арга хэмжээ байна гэж ХЭҮК дүгнэсэн. Бид нөхцөл байдлыг дүгнэхийн хамт эрх зүйн шийдлийг нь санал болгож байгаа. Жагсаал цуглаан хийх журмын, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтыг хийхдээ ямар нүдээр харж, ямар асуудлыг тусгаж, ямар чиглэлээр бичих нь ардчилсан эрх чөлөөт Монгол Улсад чухал юм бэ гэдэг асуултад хариулт өгөхийг зорьж, хүний эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт гэдэг бүлгийг оруулсан

Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:

Энэ тайлан өнгөрсөн жил дэлхийн улс орнуудад хүний эрхийн ямар дэвшил гарав, ямар ухралт болов, юун дээр нь анхаарч урагшлах ёстой вэ гэсэн олон асуудлын шийдлийг гаргадаг судалгааны тайлан юм. Энэ бол эрх баригчид, эрдэмтэн судлаачид болон бусад хүмүүсийн ширээн дээр байх ёстой ном юм. Манай улсын хувьд эвлэлдэн нэгдэх, иргэдийн орон байраар хангагдах, байгаль орчны доройтол, эдийн засаг, нийгэм соёлын эрх зэрэг хэдэн чухал талбарт хүний эрх зөрчигдөж байна.

Тухайлбал говийн бүсэд нүүрсний болон бусад уурхайн үйл ажиллагаа нь бэлчээр сүйтгэж, гүний усыг бохирдуулж, усны бусад эх үүсвэрийг шавхсан. Иймд хариуцлагатай уул уурхай манай улсад зайлшгүй хэрэгтэй.Түүнчлэн Манай улсын Засгийн газраас эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулсан хэдий ч цагдан хорих газарт хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, зүй бус харьцсан тохиолдол гарсныг ХЭҮК мэдээлсэн. Манай улсын хувьд гарч буй хүний эрхийн энэ зөрчлүүдийг арилгахад анхаарч ажиллах ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn