2023.04.03

Дархан-Уул аймгаас тодорсон Улсын аварга малчдын гэрт ажлын дундуур зочиллоо

Энэ жил Дархан-Уул аймгаасаа "Улсын аварга малчин"-аар тодорсон Хонгор сумын 2-р багийн иргэн, Улсын аварга малчин Норслойн Баттулгындаа ажлын дундуур ороод гарлаа.

Н.Баттулгын ээж Ц.Зина гуай хүүгээ удмынхаа 5 дахь Улсын аварга малчин болсонд маш их бахархаж байгаагаа илэрхийлэн аз жаргалтай сууж байна.

Аварга малчин Н.Баттулга айлын 7 эрэгтэй хүүхдийн дундах хүү бөгөөд өөрийн ариун цагаан хөдөлмөрийн үр шимээ хүртэн амьдрах хавийнхаа сургаалыг дагаж хичээн чармайж өдий хүрсэн би, үхэр голдуу маллаж байгаад малаа төрөлжүүлэн өсгөж өдий зэрэгт хүрлээ хэмээн хүүрнэх нь бахархалтай байв.

Ээж Ц.Зина гуай болон эхнэр н.Ариунханд, хүүхдүүд мөн хоёр туслах малчдын хамтаар Хонгор сумандаа хүндэтгэл дүүрэн амьдарч байна. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн, "Улсын аварга малчин" Ёндонгийн Жамсранжавынд зочиллоо.

Тэрбээр анх 1995 онд аав Ёндонгийн хамт алс баруун хязгаар нутгаас нүүж ирснээс хойш Хонгор сумандаа суурьшин гэргий Дэлгэрмаа, 5 хүүхдийн хамтаар буянт мал сүргээ өсгөн хөдөлмөрлөж байгаа ажээ.

"... Хүний ганц хүү би энэ сайхан нутагтаа аавынхаа хамт 28 жил тасралтгүй мал маллаж өдгөө Улсын аварга малчин болсондоо баяртай байна. Одоо мал сүргээ эрчимжүүлэхийн тулд цөөн малаар илүү их үр шим хүртэх боломжийн талаар судлах хэрэгцээтэй байна. Ер нь хүн жоохон зүтгэлтэй, хөдөлмөрч байхад мал аяндаа өсөөд амьдрал өөдөлдөг юм байна шүү дээ" гээд инээж суух Жаамаагаар бахархахгүй байхын аргагүй.

Эрчимжсэн мал аж ахуйн талаар тодорхой ажлуудыг төлөвлөж, хийж яваа талаараа сайхан ярилцаж суулаа. Хөдөлмөрч, тууштай, залуухан аварга малчин Ё.Жамсранжавынхаа гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.