Их Британийн хаан Чарльз гадаад айлчлалаа Германаас эхлэв
2023.03.30

Их Британийн хаан Чарльз гадаад айлчлалаа Германаас эхлэв

Их Британийн хаан Чарльзын ширээнд заларснаасаа хойш анх удаа айлчилсан гадаад улс нь Герман боллоо.

Өчигдөр өглөө тэрбээр хатан Камиллагийн хамт Берлиний нисэх онгоцны буудалд газарджээ.

Чарльз эхлээд айлчлах анхны гадаад улсаараа Францыг сонгоод байсан ч тус улсын дотоодод үүссэн үймээн самуун, улс төрийн тогтворгүй байдлын улмаас хойшлуулахад хүрсэн юм.

Өчигдөр Чарльз хааныг Германы ерөнхийлөгч Франк-Уолтер Штайнмайер нийслэлийнхээ түүхэн байгууламж болох Бранденбургийн хаалганы дэргэд хүндэт харуул жагсаан угтаж авчээ.

Британийн шинэ хааныг ойроос харахаар 1,500 орчим хүн энд цугларсан байна.

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Германы парламентад Чарльз хаан үг хэлнэ. Тэрбээр бас Германы канцлер Олаф Шольцтой уулзаж, Украины дүрвэгчидтэй ярилцахаар төлөвлөжээ.

Маргааш тэр Хамбург хотод зочилж, дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германаас Их Британид нүүлгэсэн жүүд хүүхдүүдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэх юм. Чарльз, Камилла нар өнөөдөр бас Берлиний гадна талд орших органик фермд зочилж, маргааш буцахаасаа өмнө сэргээгдэх эрчим хүчний арга хэмжээнд оролцоно.

Чарльз анхны гадаад айлчлалаа Европын Холбооны хамгийн том хоёр улсаас эхлэхээр сонгосон нь Brexit-ийн дараах Их Британийн Европын эх газартай харилцах харилцааг сайжруулах зорилготой.

Өнгөрсөн онд нас барсан хатан хаан Хоёрдугаар Элизабет 70 орчим жил төр барихдаа дэлхийн 100 гаруй улсаар айлчилж байжээ.

Мянга гаруй жилийн түүхтэй хаант засаглал нь Их Британийн хувьд дэлхий дахинд явуулдаг “зөөлөн хүч”-ний бодлогынх нь нэг чухал хэсэг болдог юм.

 

Эх сурвалж: Associated Press

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn