Дорноговь аймгийн малчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо
2023.03.06

Дорноговь аймгийн малчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжуулан хөгжүүлж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээж байгаа буянт сүргийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч, малчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, гүн талархал илэрхийлье.

Монгол Улс анх 1918 онд малаа тоолж байх үед нийт 9.6 сая толгой малтай байсан бол 2022 оны сүүлээр мал тооллогын дүнгээр нийт 200 гаруй мянган малчин өрхийн 71 сая толгой мал тоолууллаа. Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөртэй, тогтвортой үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд малчид Та бүхний хүчин зүтгэл билээ.

Малчдын залгамж хойч үеийг бэлтгэх, малчдыг чадваржуулах, худаг ус, бэлчээрийн даац, хилийн цэс, газар олголт, малын түүхий эдийг дахин боловсруулж мах, махан бүтээгдээхүүний экспорт, өвс тэжээлийн нөөц зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдааг хангах шаардлага байгаа тул энэхүү зөвлөгөөнөөр хэлэлцэх юмаа. Монгол Улсын Их Хурлаас баталсан Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчдын зарим эрх, үүргийг нарийвчлан тодорхойлоод байна.

Мал сүрэг эрүүл, үр өгөөж, ашиг шим нь өсөн нэмэгдэж байж үндэсний баялаг арвижих болно. Энэ их үйл хэргийг ажил хэрэг болгоход эрхэм хүндэт та бүхний итгэл сэтгэл, хичээл зүтгэл, хамтын хүчин чармайлт туйлаас чухал болохыг эцэст нь тэмдэглэе. Монгол малын буян заяа байнга арвижин дэлгэрч, Монгол түмэн эрүүл, энх амгалангаар урт удаан орших болтугай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn