Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
2023.02.17

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Цагаан сарын баяраар ахмад буурлууддаа хүндэтгэж, сайн сайхан зүйлийг ярилцдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу дүүргийн ахмадуудаа хүндэтгэж, тэднийхээ сургамжтай үгийг сонсож, хийж бүтээж буй ажлаа тайлагналаа. Бидэнд өнөөдрийг бэлэглэсэн ахмадуудын маань үг бүхэн урагшлах луужин болдог билээ.

Энэ үеэрээ дүүргийн маань 100-аас дээш насалсан буурлуудад илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн бэлгийн дээжийг 16 дугаар хорооны иргэн, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, бэлтгэл дэд хурандаа Д.Ширчин-Ойдов гуайд гардууллаа. Өнөө жил 100 настай золгож буй Д.Ширчин-Ойдов гуай Орос, Хятадын хилийн шугамыг тогтооход биечлэн оролцож явсан бахархам түүхт нэгэн аж. Тэрээр ОХУ-ын Ленинградын “Военное тофографическое училище”-д сурч Монгол Улсынхаа газрын зургийн анхны мэргэжилтнүүдийн нэг болж улмаар ЗХЖШ-т томилогдон ажиллаж байгаад ОХУ-ын Фрунзийн академийг төгсөж цэрэг армид 40 гаруй жил ажиллаад, гавьяаны амралтаа авчээ. Тэрээр “Өвөө нь 100 насалчхаад ийм хөнгөн шингэж байгаа нь цэргийн байгууллагад ажилласны л ач шүү дээ” хэмээн хөөрөлдөөд дүүргийн иргэддээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

Мөн ДИТХ-ын Төлөөлөгч нарын хамтаар зарим хорооны ахмадуудаа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн гарын бэлэг, мэндчилгээг хүргэлээ. Иргэдийнхээ амьдрах орчны ая тух, аюулгүй байдлыг хангах нь дүүргийн хийх ажил байдаг. Тийм ч учраас төсөв хөрөнгөө зөв хуваарилж, үр ашигтай төлөвлөлт хийх нь нэн чухал. Баянзүрх дүүрэг “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачлан, ДИТХ-ын Төлөөлөгч нар баталж, Засаг дарга Н.Баярмөнх дэмжиж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт шат шатандаа ингэж нэгдэж, хөгжлийн төлөө зорьж байсан он цаг цөөн. Тийм ч учраас ахмад буурлууд минь бидний хийж буй ажлыг сайшаан, билигтэй ерөөлөөр шагналаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn