Ж.Ганбаатар: Нүүрсний автотээврийг уурхайнууд өөрсдөө хариуцан шийднэ
Нүүрсний цахим худалдаанд автотээвэр чухал үүрэгтэй. Нүүрсний худалдааны ихэнх хувийг тээврийн зардал эзэлдэг. Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг ил тод болгох үүднээс тээврийн компаниудыг сонгон шалгаруулж буйг “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллаж байгаа Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдэж буй. Энэ нь нүүрсний тээврийн зардлыг бууруулах зорилготой юм.
Цахим худалдаанд уул уурхайн компаниуд автотээвэртэйгээ оролцох түр журам мөрдөгдөхөөр байгаа боловч энэ үйл ажиллагааг мөн нээлттэй болгох үүднээс өөрчилж байгаа аж. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодруулбал, “Нүүрсний автотээврийг уурхайнууд, олборлогч, гаргагч, боловсруулагч компаниуд өөрсдөө хариуцан шийднэ” гэсэн хариу өглөө. Тэрбээр, “Энд төрөөс салбарын яам оролцохгүй. Оролцоод л эхэлвэл танил тал хардаг, хууль бус нөгөө хуучин байдалдаа буцаад л орно гэсэн үг.
Цахим худалдааны зорилго энэ бүхнийг үгүй хийж, нээлттэй, шударга худалдааг явуулах юм. Өмнө нь энд улстөрчид хутгалдаж, яам аж ахуйн ажилд оролцдог байсан бол одоо зөвхөн бодлого гаргана” гэдгийг өнөөдөр “Туушин” зочид буудалд болж буй “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.
УУХҮЯ, СЗХ-ноос зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлэг уулзалтад БНХАУ-аас ирсэн нүүрсний худалдан авагч 200 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Тэдэнд Монгол Улсын талаас энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Уул уурхан биржийн тухай хууль болон тэр хүртэл хэрэгжүүлэх журмыг танилцуулж байна. Мөн хууль батлагдсанаар цахим худалдаа ямар журмаар явах, урт болон богино хугацааны гэрээг хэрхэн байгуулах талаар мөн ярилцаж байна.
Уул уурхайн биржийн үйл ажиллагааг танилцуулах үйл ажиллагаанд БНХАУ-ын 200 компанийн төлөөлөл оролцож байна.
Уулзалтад Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар оролцож, үг хэллээ. "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын танилцуулга"-ыг УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Бямбадагва хийв. Хэлэлцүүлгийн үеэр мөн туршилтын цахим арилжааг зохион байгууллаа.
Тодруулж мэдээлэхэд, манай улс нүүрсний цахим арилжааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан албан ёсоор эхлүүлсэн. Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" болон "Энержи Ресурс" ХХК нүүрсээ биржээр арилжилж эхлээд байгаа. Засгийн газрын 466 дугаар тогтоолоор баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд "Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2022" стандартад нийцсэн нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулахаар болсон юм.