2023.02.13
Төв аймгийн зургаан суманд ажиллалаа
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Зуунмод сумын зургаан багийн Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан санал сэтгэгдлийг нь сонслоо.Өрхийн эрүүл мэндийн төвүүд маань өмнө нь хүлээлгэн өгсөн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ашиглан иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгааг харахад таатай сайхан байна.
Энэ удаагийн уулзалтаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууд маань цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй байгааг хэлж, эмнэлгийн боловсон хүчин хүрэлцээгүйн улмаас тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллахаас аргагүй байдалд орж, ажиллаж байгаа талаар хэлж байв.
Мөн ӨЭМТ-үүдийн байр нь иргэдэд үйлчлэхэд зай талбайн хувьд хүрэлцээ муутай, цаашид зарим багийн ӨЭМТ-ийн байрыг томруулан шинэчлэх шаардлагатай талаар эмч, сувилагч нар маань саналаа хэллээ. Уулзалтын үеэр ӨЭМТ-үүдэд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой ажилд нь дэмжлэг үзүүлэн зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.
ӨЭМТ-үүдэд ажиллах үеэр эмчлүүлэн үйлчлүүлж буй өндөр настнууд маань тэтгэвэр нь үнийн өсөлтийг давж чадахгүй, амьдралд хүрэлцэхгүй байгаа талаар хэлж байлаа.
Төв аймгийнхаа Зуунмод сумын Политехник коллеж, Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах, дунд сургуулийн удирлагуудтай уулзан сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.Уулзалтын үеэр сургуулийн удирдлагуудад сургалтад ашиглах зөөврийн компьютерийг хүлээлгэн өгөв. Хүмүүн цогцолбор дунд сургууль хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн танхим нээн ажиллуулж байгаа бөгөөд Зуунмод суманд амьдардаг 57 хүүхдэд Ерөнхий боловсрол олгох зорилготой юм байна. Энэхүү танхимын сургалтын орчныг сайжруулах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Төв аймгийнхаа Сэргэлэн сумын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцан ахлах дунд ангийн сурагчийн ширээ 40, сандал 80, бага ангийн ширээ 40 сандал 40 ширхэг, зөөврийн компьютер, проектор дэлгэцийг хүлээлгэн өглөө. Сургуулийн захирал Ш.Отгон-Эрдэнэ сургуулийнхаа сургалт үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. Тус сургуульд 164 сурагч суралцдаг бөгөөд сургуулийн барилга нь 1981 онд баригджээ. Сүүлийн жилүүдэд нийслэл хот болон ойролцоох сумдаас шилжин ирэгсэд нэмэгдэж, сургуульд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn